
Монголын нүүрсний экспортлогч компанийн хувьцааг худалдаж авах гэсэн Бээжинд төвтэй Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч компани “Чалько”-гийн хоёр дахь оролдлого ийнхүү бүтэлгүйтжээ. Тус компани өнгөрсөн есдүгээр сард мөн л Монголд нүүрсний томоохон төслүүд хэрэгжүүлж буй “Саутгоби ресорс” компанийн эзэмшлийн 59 хувийг худалдаж авах гэрээнээс татгалзсан юм. УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард Стратегийн чухал ач холбогдол бүхий аж ахуйн нэгж дэх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан. Шинэ хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компани дээрх аж ахуйн нэгжид 49-ээс дээш хувийн хөрөнгө оруулахдаа Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой билээ. Өнгөрсөн онд түүхий эд, эрчим хүчний үнийн өсөлтөөс ашиг нь 67 хувиар буурсан Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалько” компани нүүрс, төмрийн хүдрийн ордуудыг сонирхож эхэлсэн байна.