Ургац муу байснаас “зэрэмдэг” ногоо олширчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Ургац муу байснаас “зэрэмдэг” ногоо олширчээ

Сүлжээ дэлгүүрийн бизнес эрхэлдэг Британийн “Sainsbury’s” салбар дэлгүүрүүддээ тавих жимс, ногооны өнгө үзэмж, хэлбэр дүрсэнд тавих шаардлагаа зөөллөжээ. Улсын хэмжээнд ургац муу байснаас дэлгүүр, супермаркетын лангуунд “царай муутай” лууван, хүрэн маншин, төмс олширсон тухай “The Guardian” сонин мэдээлсэн байна.

Сүүлийн 59 жилийн хугацаанд хамгийн их гантай байсан гуравдугаар сарын дараа бороотой зун, сүүлийн 30 жилд байгаагүй есдүгээр сарын шуурга зэргээс Их Британийн ургацын хэмжээ 25 хувиар буурсан байна. Үүнээс үүдэн дэлгүүрүүдэд элдэв гажиг хэлбэртэй, өнгө зүс муутай жимс, ногоо худалдаалах болжээ. Өмнө нь тийм ногоог ургац хураасны дараа талбайд нь газар хагалахдаа хамт бутлаад хаядаг байсан аж. “UK Soil Association” мэдээлснээр худалдааны сүлжээнүүдийн шаардлагын дагуу тогтоосон стандарт нь ЕХ-ныхоос чанга бөгөөд түүний дагуу Их Британид ургуулж буй жимс, ногооны ургацын 20-40 хувь нь хаягдал болдог байж. Британийн “Morrisons ба Waitrose” сүлжээ дэлгүүр ч мөн жимс, ногооны өнөөгийн стандартаас татгалзаж магадгүй гэнэ. Өнгөрсөн жилд явуулсан судалгаагаар тус орны эдийн засаг зогсонги байдалд орсны дараа дэлгүүрүүд болон гэрийн аж ахуй хүнсний бүтээгдэхүүнийг хаях нь багассан гэх дүгнэлт гарчээ. Британичууд 2011 онд 7,2 сая тонн хүнсний бүтээгдэхүүн “хаясан нь” өмнөх жилийнхээс нь 13 хувиар бага байжээ.

“Sainsbury"s” дэлгүүрийн сүлжээ 1869 онд үүсгэн байгуулагдсан ба одоо 1000 гаруй худалдааны цэгийг нэгтгэдэг ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж