Лалын шашинтнууд буддын сүм, хийдийг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Лалын шашинтнууд буддын сүм, хийдийг шатаажээ

Бангладешид буддын шашинтай нэгэн өсвөр насны хүү Facebook хуудсандаа Коран судрыг шатааж буй зураг нийтэлсэн нь лалын шашинтай олон мянган иргэдийн дургүйцлийг төрүүлж, улмаар эсэргүүцлийн жагсаал болон хувирчээ. Дургүйцэл, бухимдлаа илэрхийлсэн лалын шашинтнууд тус улсын Кокс-базар хотын буддын 10 гаруй сүм, хийдийг шатаасан байна.

Кокс-базар хотын цагдаагийн ажилтны мэдээлснээр Мьянмарын хилийн ойролцоо болсон лалын шашинтнуудын дээрх эсэргүүцлийн жагсаал ням гаригийн өглөө цагдаагийнхны хяналтад байсан ч орой болоход эмх замбараагүй байдал, үймээн болж хувирчээ. Энэ үеэр жагсагчид арав гаруй сүм, хийд болоод буддистуудын амьдардаг 40 гаруй айл өрхийн орон гэрийг шатаасан байна. Энэ үеэр 20 хүн бэртсэн гэх албаны мэдээлэл мөн иржээ.

Коран судрыг шатааж буй зураг бямба гаригийн өглөө Facebook-т тавигджээ. Гэхдээ зургийг нийтэлсэн хүү орон нутгийн “Daily Star” сонинд өгсөн ярилцлагадаа “Эвлүүлж тавьсан, алдаатай зураг” хэмээн эрс няцаасан утгатай зүйл ярьсан байна. Хүү болон түүний гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангах үүднээс Бангладешид түр хугацаагаар Facebook цахим хуудсыг хаагаад буй аж. Мөн Кокс-базар хотын цагдаа нар дээрх хэрэгтэй холбогдуулан хүүгийн эцэг, эхийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

Албаны мэдээгээр Бангладешийн нийт хүн амын нэг хувь буюу 1,5 сая нь буддын шашинтай гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж