Бо Силайгийн хүү аавыгаа өмөөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Бо Силайгийн хүү аавыгаа өмөөрчээ

Хятадын Чунцин хотын намын хорооны дарга асан Бо Силайг тойрсон дуулиан өнгөрөгч оны хавраас мандсан билээ. Хотын цагдаагийн дарга Ван Лицюн АНУ-ын Консулын газарт очиж, даргынхаа эхнэр Гу Кайлай гэгчийг Америкийн бизнесмен Нил Хейвудыг хөнөөсөн тухай ярьсанаас уг хэрэг мандсан юм. Үүний дагуу хэрэгт дахин мөрдлөг хийсний эцэст Гу Кайлай Нил Хейвудын амийг хордуулан хөнөөсөн хэргээ хүлээж, өнгөрсөн наймдугаар сарын 20-нд шүүхээс түүнд 14 жил шоронд хорих оноосон билээ. Мөн уг хэрэгт холбоотой түүний туслах Жан Сьяожуныг есөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Харин  есдүгээр сарын 15-нд болсон шүүх хурлаар Ван Лицюнийг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, авилга авсан, эх орноосоо урвасан гэж үзээд 15 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Дээрх хэрэгтэй холбоотойгоор өнгөрөгч 29-ний өдөр Бо Силайг  намын Улс төрийн товчоо ба Төв хорооны бүрэлдэхүүнээс гаргасан бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан, бэлгийн зүй бус харилцаанд орж байсан, авилга авсан зэрэг олон хэрэгт буруутгажээ. Харин Бо Силайн хүү Бо Гуагуа аавыг нь буруутгаж буй дээрх олон хэргийг үгүйсгэж, аавыгаа тийм хэрэг хийх хүн биш гэдэгт итгэж буй тухайгаа ярьсан  байна. Бо Гуагуа  “Би аавыгаа бүхэл амьдралынхаа турш мэднэ. Тиймээс түүнийг дээрх хэргүүдийг үйлдсэн гэдэгт итгэхэд хэцүү байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Хэдийгээр улс төрийн бодлогоор аавыг маань тэдгээр хэргүүдэд буруутгаж байгаа ч миний аав бол үүрэг хариуцлагаа ухамсарласан, зөв шударга хүн. Аавд маань авилга авах, албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг хэргүүдийг хийх ямар ч шаардлага байхгүй. Тэр үргэлж шударга байж,  хуулиа дээдэлж ирсэн” хэмээжээ. Бо Гуагуа нь Бо Силай болон Гу Кайлай нарын ганц хүү бөгөөд өнгөрөгч тавдугаар сард Харвардын Их сургуулийг төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалан  төгссөн ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж