“Үйлдвэрлэсэн огноог заавал тэмдэглэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

“Үйлдвэрлэсэн огноог заавал тэмдэглэх ёстой”

Зарим үндэсний үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүн дээрээ үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглэдэггүй. Тиймээс хэрэглэгчид баталгаа­гүй хүнс хэрэглэхгүйн тулд аргагүйн эрхэнд хэзээ үйлдвэр­лэсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалздаг. Ялангуяа хиам, өндөг, ногооны салат, гурилан бүтээгдэхүүнүүд сав­ласан огноогоо бичихгүй, бичиж тэмдэглэлээ ч уусч бүдгэрдэг зэргээр хэрэглэгчдийг хохироож байгаа. Тухайлбал, худал-дааны байгууллагад зарагдаж буй “Мон вурст” үйлдвэрийн “Жуулчин” хиам, “Шимт өргөө”-гийн “Аянчин” хиам, “Мөнхийн болор”-ын “Аялал” хиаманд үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй байсан. Мөн “Ээж”, “Монсалат” зэрэг ногооны үйлд­вэрүүд үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүдээ борлуулсаар байна. Хэрчсэн гурил, талх, нарийн боов, бялуунууд ч ялгаагүй үйлдвэрлэсэн хугацаагаа бичээ-гүй, тэр ч бүү хэл, хэрчсэн гурил дээр нь тэмдэглэсэн он, сар, өдөр болоогүй байхад хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа гайхалтай, хачирхмаар үзэгдэл бий болжээ. Чанарын хувьд баталгаагүй ийм бүтээгдэхүүнүүдийг цаашид зах зээлд гаргаж, хэрэглэгч­дийг хохироосоор байх уу гэдгээ зарим нэг үндэсний үйлдвэрлэгчид тунгааж, энэ талаар хариуцлагатай хандах цаг болжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Хоролмаатай ярилцлаа.

-Зарим үндэсний үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүн дээр савласан он, сар, өдрийг бичихгүй байна. Танай байгууллага энэ асуудалд анхаардаг уу?

-Манайхаас хүнсний үйлд­вэрүүдэд шалгалт хийдэг. Томоохон аж ахуйн нэгжүүд он, сар, өдөр болоод хадгалах хугацааг нь тэмдэглээгүй хүнсний бүтээгдэхүүн бараг гаргадаггүй. Харин жижиг үйлдвэрүүдийн ажлын хариуцлагагүй байдлаас болж үйлдвэрлэсэн хугацааг нь тэмдэглээгүй хүнс зах зээлд гаргах асуудал байна. Хиамны төрлийн бүтээгдэхүүнд ийм зөрчил илүү байдаг. 2009-2010 оны хооронд хиамны төрлийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн он, сар, өдөр хадгалах хугацааг тэмдэглэдэггүй байдал нийт зөрчлийн 75-80 хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн онд 20 хувь болтлоо буурсан. Цаашид энэ төрлийн зөрчил огт гаргахгүй байх дээр анхаарч ажиллана.

-Үйлдвэрлэж байгаа хүнс­ний бүтээгдэхүүн дээрээ үйлд­вэрлэсэн хугацааг тавиагүй бол ямар хариуцлага тооцдог вэ?

-250 мянган төгрөгөөр торгодог. Давтан,олон удаа зөрчил гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг. Энэ нь хамгийн ихдээ л нэг сая 250 мянга болно гэсэн үг. Мөн зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийг нь буцаан татаж устгалд оруулах арга хэмжээ авна. Ерөнхийдөө үйлдвэрлэсэн хугацааг тэмдэг­лэлгүй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох эрхзүйн орчин сул байгаа. Мөн худалдааны байгууллагууд үйлдвэрлэгчээс үйлдвэрлэсэн он, сар, өдрийг нь тэмдэглээгүй бүтээгдэхүүн авч, хэрэглэгчдэд хүргэх ёсгүй.

-Зарим хүнсний бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хугацааг ор нэр төдий тавьдаг. Бичиг нь уусаад хэд гэж байгаа нь мэдэгдэхгүй болчихсон бүтээгдэхүүн их байдаг. Тухайлбал өндөг байна?

-Үйлдвэрлэгчид MNS 2007 гэсэн стандартын дагуу тухайн бүтээгдэхүүнийг үйлд-вэрээс гаргасан хугацааг буюу үйлдвэрлэсэн он, сар, өдрөө зайлшгүй тэмдэглэх ёстой. Гэхдээ түүнийгээ ямар хэлбэрээр тэмдэглэх вэ гэдэг нь үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн шийдэх асуудал. Тиймээс худал­дааны байгууллага энэ тал дээр анхаарал хандуулж, шалгаж авч байх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид хаяг, шошго тавихдаа аль болох арилахгүй байлгах тал дээр анхаарч ажиллах ёстой. Хэрэв тэр нь амархан арилж байвал шинэчлэх үүрэг өгнө. Томоохон үйлдвэрлэгчид хаяг, шошгоо тавиад хэвшсэн.

-Хэзээ үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээг­дэхүүн их байна гэсэн гомдол иргэд их гаргадаг. Иргэдийн хүсэлтээр бүтээг­дэхүүндээ үйлдвэрлэсэн хугацаа тавиагүй аж ахуйн нэгжид шалгалт хийж, зөрчлийг арилгах уу?

-Байгууллага болон иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу шалгалт хийж болно. Улсын байцаагч сайн дураараа шалгалт хийх хориотой. Ерөнхийдөө Хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш шалгалтыг зөвхөн төлөвлөгөөний дагуу хийдэг болсон. Иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа сайн шалгаж авч байх хэрэгтэй. Худалдан авсан бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа зэргийг тодорхой бичиж тэмдэглээгүй хүнсний бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд тухайн худалдааны байгууллагын удирдах хүмүүст хэлж зөрчлийг газар дээр нь арилгуулж байх ёстой юм.

М.ЭРДЭНЭБОЛД

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж