-ИЗНН-ын Үндэсний хорооны хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Бодлогын хороод гэж манай намд байдаг. Тэдний ажил, зохион байгуулалт, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нарыг жинхлэх зэрэг асуудал хэлэлцэнэ. Бас бусад гээд зарим асуудлыг ярих байх.
-Д.Энхбат даргын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тухай ярина гэж байсан. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй ээ. Энэ намд сахилга бат энэ тэр яриад, намаас хөөдөг хатуу зүйл байдаггүй. Хэн ч өөрийнхөө үгийг чөлөөтэй хэлж болно.
-Гэхдээ Д.Энхбат дарга сонгуульд нэр дэвшээгүй шалтгаанаа блогтоо бичсэнээс болж танай намынхан түүнийг гишүүнчлэлээс халах тухай ярьсан юм биш үү?
-Зарим нэг гишүүний Д.Энхбатад намаас арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн санал явж байсан. Түүнээс биш хүнийг үг хэлснийх нь төлөө хөөгөөд байдаг бусад нам шиг зохион байгуулалт, төмөр мэт хатуу сахилга бат манайд байхгүй. ИЗНН либерал үзлийг баримталдаг учраас энд хэн юу ярих нь тухайн хүний асуудал. Д.Энхбатыг хөөх тухай ганц нэг яриа гадуур яригдсан байна билээ. Гэхдээ энэ ганц нэг гишүүний л санал байх.
-Намын нийтлэг байр суурь ийм байдаг юм байж. Харин таны хувьд Д.Энхбат даргын блог дээрх бичлэгийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Д.Энхбат гишүүн блог дээрээ ИЗНН мөнгөөр нэр дэвшигчдээ тодруулсан гэж бичсэн гэж би ойлгосон. СЕХ-ноос улс төрийн бүх нам сонгуульд зориулах мөнгөний дээд хэмжээг есөн тэрбум төгрөг байхаар зааж өгсөн. Харин манай нам бүгдээрээ, ялангуяа улс төрийн зөвлөлийн гишүүн, нэр дэвшигчид нийлж байгаад арай гэж 1.2 тэрбум төгрөг босгосон. Түүний дотор жагсаалтад нэр дэвшиж байгаа учраас С.Оюун, би зэрэг хүмүүс мөнгө босгоно шүү дээ. Өөр өөрийнхөө арга замаар, эсвэл хамтарсан байдлаар иргэд болон аж ахуйн нэгжүүдээс мөнгө босгосон. Бусад улс төрийн намууд ч сонгуульд орохдоо хэвлэлээр өөрийгөө болон нэр дэвшигчдээ сурталчлах, түүнийгээ рекламны самбаруудад наахад мөнгө хэрэг болдог. Д.Энхбатын бичлэгийг би ойлгохдоо “Энэ нам арилжааны хэлбэрт орлоо, мөнгөөр хүмүүсийг оруулж байна” гэсэн байсан. Гэхдээ тэр өөрийнх нь л бодол байх. Д.Энхбат өөрөө тэр хурал дээр байнга суудаг байсан. Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд мөнгөөр гэдэг зүйл яригдаж эхэлсэн л дээ. Тэгэхэд нь Д.Энхбат болон бусад хүн “Ингэж болохгүй. Мөнгө хэрэгтэй, түүнийхээ төсвийг батлуулъя. Хажуугаар нь яг ямар хүнийг хэрхэн дэвшүүлэхийг үндэсний хороогоор нэг бүрчлэн ярья” гээд л шөнөжин хуралдаж гаргаж ирсэн асуудал. Тэгснээрээ ИЗНН өөрийн үнэт зүйл болох либерал үзлээс ухарчихсан гэж би бодохгүй байна.
-Гэхдээ Д.Энхбат дарга тэгж ойлгосон юм биш үү?
-Д.Энхбат тэгж ойлгосон байж магадгүй. Гэхдээ би хүний хэлсэн үгэнд тайлбар хиймээргүй байна.
-Гол нь тэр үг танд л зориулсан юм шиг ойлгогдож байсан?
-Намайг хэлээд байгаа нь ойлгогдохгүй байсан. Гол нь их мөнгө гаргасан гэж байсан. Их мөнгө гаргасан гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Харин мөнгө босгох гэдэг ойлголт л байдаг. Өөрөөр хэлбэл, намайг болон бусад хүнийг дэмждэг хүмүүстэй уулзаж учрах гээд Улс төрийн намууд болон Сонгуулийн тухай хуульд заасан ёсоор л бүгд ажилласан. ИЗНН-ын натур нь өөрөө мөнгөнд тэгж их удирдуулаад байдаг юм биш л дээ. Хүн бүрийн бодол өөр байх.
-Д.Энхбат дарга сонгуульд нэр дэвшихгүй шалтгаанаа та бүхэнд хэрхэн тайлбарласан бэ?
-Өөрөө л нэр дэвшихгүй гэж хэлсэн. Дэвшихгүй байгаа шалтгаанаа “Би УИХ-д суугаад шал дэмий дөрвөн жилийг үрлээ. Ингэж дахин цагаа үрмээргүй байна” гэж байсан. Миний хоёр чихээрээ сонсч, ойлгосноор бол тийм. Бидэнд нэг ч гэсэн суудал хэрэгтэй учраас сонгуульд нэр дэвшээч гэж их ятгасан. Гэтэл өөрөө Үндэсний хорооны хурлын индэрт гарч ирээд манай намын зарчим алдагдаж байна, энэ тэр гэж ярьж байснаа “Ер нь би нэр дэвшихгүй байхаар шийдсэн, дөрвөн жил сууж үзсэн. Өөр зүйл хиймээр байна” гэсэн зүйл л хэлээд байх шиг байсан. Тэгээд одоо юу бичиж, яриад байгааг нь мэдэхгүй юм.
-Та сонгууль болохын өмнө ИЗНН-д элсч, бүр удирдлагын багт орсон. Тийм учраас сонгуульд намын жагсаалтын урдуур бичигдэхийн тулд их мөнгө гаргасан хүн нь яах аргагүй С.Дэмбэрэл гэх ойлголтыг олон нийт аваад байна л даа?
-Хэрвээ үнэхээр намайг бичсэн бол С.Дэмбэрэл гэж байгаад шууд л хэлэх хэрэгтэй шүү дээ. Өөх ч биш, булчирхай ч биш, намайг ч хэлээд байгаа юм уу, өөр хэн нэгнийг онцлоод байна уу гэж хоёрын хооронд хаяхын оронд шууд хэлчих хэрэгтэй. Тэр блог дээрх бичлэгийг нь өнөөдөр санаандгүй уншихад “Би хэн нэгэн рүү довтлоогүй, Монголд улс төрийн систем бохирдсон гэдгийг хэлж байгаа юм” гэсэн байна билээ. Монголд улс төрийн систем бохирдсон гэдэг үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд л улс төрийн намууд явах ёстой. Тэгэхгүйгээр шүүмжлээд суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй л дээ. Өөрсдийнхөө үйл ажиллагаагаар энэ улс оронд улс төрийн намуудын системийг цэвэрлэх, тухайлбал, хатуу гишүүнчлэл, мөнгөөр босго тавьдаг байдлыг болих хэрэгтэй.
-ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгуульд нэр дэвшихийн тулд та хэдэн төгрөг намдаа өгсөн бэ?
-Миний хэдэн төгрөг өгсөн нь бол сонин биш. Би өөрийнхөө бүх материалаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбатад өгсөн. Мэдээж би мөнгө босгохдоо нэлээн амжилттай явсан. Намайг дэмждэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд олон болохоор намдаа мөнгө сайн босгож өгсөн гэж боддог.
-600 сая төгрөг хүрсэн үү?
-Хүрэхгүй. Яаж 600 сая хүрэх юм бэ. Ерөнхийдөө сонгуулийн өмнө тойрогт нэр дэвшихэд 200 сая төгрөгийн бодит зардал гардаг юм билээ гэж ярьж байсан. Тэр баримжаагаар л манайхан хандсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд үнээ өсгөчихсөн байсан. Харин бид үнээ өсгөхөөс өмнө хийсэн гэрээнийхээ хэмжээнд л 1.8 тэрбумын зардал гаргах юм байна гэж тооцоод манай сонгуулийн штабынхан оруулж ирсэн. Түүнийг Улс төрийн зөвлөл дээр ярилцаад 1.2 тэрбум болгож бууруулсан. Үүнд Д.Энхбат, С.Оюун, би … гээд бүх хүн оролцсон. Энд чинь бодит зардал, мөнгөний тухай л ярьж байна. Мөнгөгүйгээр сонгуульд орно гэж хэзээ ч байхгүй биз дээ. Зайлшгүй мөнгө гаргаж таарна.
-Танай нам дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга болгосон хүмүүстээ мөнгөний шалгуур тавьсан уу. Тухайлбал, дэд сайд Түмэнжаргалд?
-Түмэнжаргал олон жил хотын намын хорооны дарга байсан юм билээ. Түүнтэй манай намын дэд дарга М.Хүрэлсүх, Хэнтийн Засаг дарга байсан С.Жаргал, бас хэн ч байлаа нэг хүн гээд нийт дөрвөн хүн дэд сайдад өрсөлдсөн. Сүүлд нь С.Жаргал, М.Түмэнжаргал хоёр тунаж үлдээд, нэг саналаар Түмэнжаргал гарсан. Би тэр хуралд нь байгаагүй л дээ. Гол шалгуур нь мөнгө биш, энэ албан тушаалд очоод юу хийж чадах вэ, намын чихийг халууцуулаад байхааргүй олигтой аваад явж чадах уу гэдэг талаас нь ярьсан. Түүнээс Түмэнжаргалд юуных нь мөнгө байх билээ. Гэхдээ иймэрхүү жижиг сажиг зүйлийг би нэг их тоохгүй байгаа. Яагаад гэвэл манайх инээдтэй жижиг нам байхгүй юу. Жижиг нам мөртлөө бас жижигхэн хөөрхөн хэрүүлтэй байх чинь инээдтэй. Одоо бидний бодох ёстой зүйл бол намаа том болгох. Бид олигтойхон байж чадах юм бол манай нам олон хүний саналыг авч чадах юм байна гэдэг нь өнгөрсөн сонгуулиар харагдсан. Тийм болохоор дүүргийнхээ намын хороог бэхжүүлж, бүгдэд нь чаддаггүй юм аа гэхэд томоохон аймгууд дээр намын үүрүүдээ байгуулах гэх мэтэд илүү анхаарал хандуулна. Мөн ирэх дөрвөн жил биднийг харах хугацаа. Хэдийгээр УИХ-д хоёрхон суудалтай ч гэсэн шинэ Засгийн газар болон улсдаа түүхэн гэж хэлэхүйц том яамыг удирдах болж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гэж бидний ярьдаг зүйлийг албажуулаад, түүнд нь С.Оюун сайд боллоо. Сая Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад манай намаас дэвшүүлсэн нэлээн олон зорилтыг оруулсан. Зөвхөн ногоон хөгжил биш, бизнес эрхлэх орчныг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал гээд олон зүйл бий. Ерөнхий сайдын хийх ажлын хүрээнд анх удаа тогтвортой хөгжил гэдэг томьёоллыг оруулж өгсөн. Үүнийгээ бид бодитойгоор хийх юм бол дараагийн сонгуульд манай намыг тодорхойлох гол хүч нь болно.
-Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураныг шар нунтгаар нь олборлоно гэж оруулсан. Энэ танай намын үзэл баримтлалд нийцэж байгаа юм уу. Хэдийгээр та нар Засгийн газрын эвсэлд багтаж байгаа нэг субьект мөн боловч ногоон үзэлтэй чинь харшлаад байгаа юм биш үү?
-Үүнд ИЗНН-ын гишүүд их дургүй байгаа. Ураныг шар нунтгаар нь олборлоно гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон ч манай намынхад байхгүй. Засгийн газрын гишүүд нэгэнт олонхиороо шийдэж байгаа учраас бид яаж ч чадахгүй. Гэхдээ миний бодлоор энэ нь цаашдаа нэг их явуургүй байх. Одоо бол шар нунтаг гэдэг зүгээр л бизнес, эсвэл огт байж болохгүй гэдэг хоёр үзэл давамгайлж байна. Миний бодлоор энэ нь нийгэмд ч хүчтэй явахгүй байх. Маш олон альтернатив арга байхад заавал тэр уранаар оролдоод яах юм бэ. Тийм л энгийн бодол надад байна. Дээр нь ИЗНН-д намын Үндэсний хороо болон Засгийн газар, УИХ-д оруулах тодорхой асуудлаар жигүүр байж болно гээд заачихсан. Тиймээс жигүүрүүд гарч ирж байна. Манай Х.Бат-Ялалт нарын хүмүүс жигүүр болно гээд явж байна. Дээр нь Д.Энхбат, Зоригоо нар “Нам бидний санаснаас арай өөрөөр яваад байна. Тиймээс бид жигүүр болно” гэсэн. Тэр байж болох л асуудал.
-Харин та ямар нэгэн жигүүрт орох уу?
-Би ямар ч жигүүр биш. Алинд нь ч орохгүй, өөрийнхөө бодлоор, олонхийг дагана.
-Орон нутгийн сонгуульд танай нам ямар байдлаар оролцох вэ. Засгийн газарт хамтрагч талууд эвсэл болж орохоор тохиролцсон байгаа?
-Наад асуудлыг чинь ярих юм бол их сонин зүйл үүснэ. Эвслийн тунхаглалд гарын үсэг зурсан субьектүүд орон нутгийн сонгуульд эвсэнэ гээд заачихсан. Тэр үзэл санаагаар явах юм бол эвсч орох ёстой. Гэтэл Ардчилсан намын хувьд дүүргийн намын хороод нь өөрсдөө мэддэг. Манайх бас тийм. ИЗНН-ын хувьд нэг хэсэг нь дүүргийн намын хорооны хэмжээнд Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэлтэй яриад эхэлчихэж. Харин нөгөө хэсэг нь яваад очихоор “Бидэнд зай байхгүй. Танайхтай эвсэхгүй, өөрсдийгөө яая гэж байна” гэдэг байдлаар хариу өгсөн байна. Тиймээс манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга захиа явуулсан байсан. Ардчилсан нам, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн генсекүүд энэ асуудлаар уулзаж байгаа юм билээ. Миний харж байгаагаар цаашдаа эвслээ ч, зарим газар бие дааж орох юм шиг байна.
-Ардчилсан нам Засгийн эрхийг авахдаа төрийн албан хаагчдыг хоморголон халахгүй хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр хэдэн зуугаар нь цомхотгож байна л даа. Мөн энэ Засгийн газар төрийн албыг төрлийн алба болгоод байгаа юм биш үү?
-Үнэхээр төрийн албан хаагчдыг бодитойгоор халж байгаа бол буруу. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед, олонхи болсон нам адилхан л ийм байсан. Ерөөсөө Монголд өшөө авалтын ийм систем тогтчихоод байна л даа. Нэг нам нь олонхи болохоороо өмнөх засгийн үед байсан төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулдаггүй. Нөгөө талаасаа Монголын төрийн алба системийнхээ хувьд зайлшгүй шинэчлэхээс өөр аргагүй болчихсон. Бүр 1997 онд М.Энхсайханы Засгийн газрын үед гарч ирсэн агентлагуудын бүтцийг сая халлаа. Тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, тэгээд яам гэж тухайн үед орж ирж байсан. Энэ бол Шинэ Зеландын туршлага. Одоо бол тус улсад төрийн ийм бүтэц байхгүй. Үр ашиггүй нь батлагдаад тэд хэрэглэхээ больсон байна. Яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг утгагүй юм байна гэдгийг өнгөрсөн жилүүдэд бид харлаа. Өөрөөр хэлбэл, хамгийн их хүнд суртал тэнд байдаг. Яам нь бодлого хийж байна гэсэн нэртэй юу ч мэдэхгүй хэдэн хүнтэй. Өнөөдөр яамдад ажиллаж байсан 500 хүнийг орон тооны цомхотголд оруулсан. Үүнийг би зөв гэж бодож байна. Гэхдээ улс төрийн зорилгоор халах ёсгүй. Тэр байтугай өнөөдрийн Засгийн газар өөртөө байгаа баахан үүргийг ТББ-ууд руу шилжүүлэх ёстой. Жишээ нь барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал яригдаж, хүний амьтай холбоотой хэргүүд гарахад мэргэжлийн хяналт нь хянаагүй гээд шүүмжлээд байна. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг өнгөрсөн хугацаанд өөртөө дэндүү итгэсэн, асар их хүнд сурталтай, үр ашигтай хянадаггүй, зүгээр л хүмүүсийг дарамтлаад сууж байдаг институц болоод хувирчихсан байхгүй юу. Гэтэл өчигдөр барилгын салбарынхан цуглаад, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярилцаж байна л даа. Хүмүүс ямагт өөрсдөө ярилцаад, зохицуулж чаддаг. Тэр үйл ажиллагаануудыг нь түүний дотор аюулгүй ажиллагааны сургалт зэргийг барилгын чиглэлийн ТББ-уудад шилжүүлж төртэйгөө хамтарч байж цаашид барилга дээрээс хүн, эсвэл кран унадаггүй болно. Түүнээс биш кран уналаа гээд бүх барилгыг хаагаад хол явахгүй.
Таны асуусанчлан хоморголон халах гэдэг дэмий л дээ. Өмнө нь ч гэсэн тэгдэг л байлаа. Үүнээс чинь болж лааз өшиглөх гэдэг томьёолол гарч ирсэн. Юу хийж байна гэхээр ноосоо тушаачихсан, лааз өшиглөнө гэдэг. Эсвэл дөрвөн жил лааз өшиглөлөө, одоо боллоо гэдэг юм яриад байна. Улс төрийн өнцгөөс төрийн албан хаагчдад хандахыг би л хувьдаа зөвшөөрөхгүй. Бусад гишүүн ч гэсэн эрүүлээр хандах байх.
-ИЗНН-ыг өмнө нь нэг хүний нам гэсэн шүүмжлэл дагадаг байсан. Харин өнөөдөр хоёр хүний, тухайлбал С.Оюун, С.Дэмбэрэл хоёрын нам болчихлоо гэдэг. Залуучуудаа гаргаж ирдэггүй нь ингэж хардах шалтгаан ч юм шиг?
– Би энэ намд ороод жил болж байна. Тэр чигээрээ залуучууд байдаг.
-Гэхдээ тодорхой албан тушаалуудад залуучуудаа тавихгүй байна шүү дээ. Намын дарга С.Оюун өөрөө л сайд болж Засгийн газарт ажиллаж байна?
-Гарч ирэх нь хүнээс өөрөөс л хамаардаг. Намайг гаргах болов уу гэж суух ёсгүй. Хүн өөрөө мэдлэгтэй, чадвартай, идэвхитэй байж гарч ирдэг. Үүнийг би өөрийнхөө амьдралын жишээн дээр ярьж байна. Намайг хэн ч өргөж байгаагүй. Би дандаа өөрөө явсаар байгаад “гурав, дөрвөн удаа сонгогддог” гэж загнуултлаа МҮХАҮТ-ийн дарга хийж байна. Энэ нь би залуучуудыг гаргахгүй, суугаад байна гэсэн үг үү. Аливаа зүйл дээр чөлөөт өрсөлдөөн байх ёстой. Тэр тусмаа либерал үзэлтэй ИЗНН-д залуучууд чөлөөтэй. Ардчилсан намыг залуучуудаа гаргадаггүй гэж ярьдаг юм билээ. Ардын намын хувьд сүүлийн үед залуучууд нь гарч эхэлсэн гэдэг. Манай намын дэргэдэх залуучуудын байгууллага хуралдаж байхыг би хараагүй. Ямар сайндаа би “та нар нэг хуралдаач” гэж хэлсэн. Биологийн нас талаасаа манай намын гишүүд дандаа залуучууд. ИЗНН-д гол шийдвэрийг гаргадаг 200 хүн бий. Тэр 200 хүний бүтцийг харахад голдуу 30-аас дээш насныхан. Дүүргийн намын хорооны дарга гэхэд зарим нь залуучууд, нөгөө хэсэг нь 30-40 насныхан байдаг. Ийм насны хүмүүсийг залуу гэж хэлэхгүй бол юу гэх юм бэ. Хэрэв энэ намд залуучууд ордоггүй бол бидний л буруу. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн үеэр миний мэдэрсэн нэг зүйл бол залуучууд бидэн рүү чиглэсэн юм байна. Бид өөрсдөө үйл ажиллагаа явуулдаггүй байж. Сонгуулийн үеэр надтай дандаа залуучууд явсан. Тэд өдөрт өгч байгаа 10 мянган төгрөгний төлөө яваагүй. Ногоон үзэл, зах зээлийн талаар ярьдаг залуучууд олон байсан. Тэгэхээр энэ нам бол залуучуудын нам.
-Тэгвэл танай намд байгаа залуучууд өөрсдөө олигтой биш гэж та дүгнэж байгаа юм уу?
-Үгүй. Би санаачилгатай байгаасай гэж хэлсэн. Жишээлбэл, манай намын залуучууд ингэмээр байна гээд над дээр ирдэг л дээ. Би “ok, юу хийхээ одоо бич” гэдэг. “Тэгмээр байна, ингэмээр байна гэж тэг гортигон дотроо хашгирагчдыг тэнэгийзм” гэж нэрлэнэ хэмээн 20 жилийн өмнө Гончиг гэдэг шог зураач хэлж байсан. Өөрөөр хэлбэл, үргэлж тэгмээр байна, ингэмээр байна гэж хэлдэг нэг хэсэг хүн Монголд бий. Тэгмээр байгаа бол тэгээд, ингэмээр байгаа бол ингээд өөрсдөө зохион байгуулалтад орж, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Энэ бол намд ч хамаарна. Нам ч гэсэн бас нэг байгууллага. Түүнээс биш хөгшин залуу, хуучин шинэ, ногоон, ИЗН гэдэг зүйл ярих нь дэмий байх. Манайхан эхлээд Ногоон нам, ИЗН гэж яригддаг байсан бол одоо гайгүй болоод байгаа. Хүмүүс нэг тогоонд орохоороо өөрийн эрхгүй нэгддэг, Тэр тусмаа сонгууль гэдэг том сорилтыг туулчихаараа хоорондоо ойртоод ирдэг юм байна. Тиймээс ирэх дөрвөн жил ИЗНН-ын хувьд сорилтын цаг үе болох нь. Энэ нам цаашид хоёр хүнээ л УИХ-д гаргаад явах юм уу, 20-уулаа, эсвэл Засгийн эрхийг барих түвшинд очих уу гэдэг биднээс хамаарна.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин