
Газрын зөвшөөрөлгүй барьж байгаа энэ үйлдлийг нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэлээ. Нэг үгээр хэлбэл газраа эргүүлэн авч, шаардлагатай гэж үзвэл цагдаагийн хүч хэрэгслийг дайчлан албадан буулгах, барилгыг төрийн мэдэлд шилжүүлэн авах хүртэл арга хэмжээг авах юм. Үлдсэн 78 барилгад хуулийн дагуу арга хэмжээ авах талаар санал боловсруулан ойрын хугацаанд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг үүрэг боллоо. Зөвшөөрөлгүй барилгуудыг таван багцад хувааж шийдвэрлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хэлсэн. Тухайлбал, НМХГ-аас зөвшөөрөл аваагүй барилгуудыг шийдвэрлэх нэг багцад хамааруулна. Харин барилга барихад зайлшгүй зөвшөөрөл авах учиртай ТЭЗҮ-алаг цоог авсныг нь нэг багц болгох жишээтэй. Тодруулбал нэг хэсэг нь дулааны зөвшөөрөл аваагүй байхад, нөгөө хэсэг нь Ус сувгаас, УБЦТС-ээс зөвшөөрөл аваагүй байдаг байна. Нийслэл төдийгүй улсын хэмжээнд өмнө нь зөвшөөрөлгүй эхэлсэн болон баригдсан барилгыг хэрхэн яаж шийдвэрлэж байсан туршлага байхгүй юм байна. Тэр нь энэ салбарт үүсэж бий болсон нөхцөлийг шийдвэрлэхгүй орхих үндэслэл болохгүй гэж Удирдлагын зөвлөлийн гишүүд үзэв.
Мөн замын хэт ачааллыг сааруулахаар авч хэрэгжүүлж байгаа ажлын зохион байгуулалтыг авч хэлэлцлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ үр дүнгээ өгч нийслэлийн иргэдээс талархал хүлээх болжээ. Нийслэлийн гудамж замд өдөр бүр Замын цагдаагийн газрын 350 албан хаагч уртасгасан цагаар ажиллан замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хязгаарлалт тогтоосон замын хэсэг болон хориглосон дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцсон 6999 зөрчлийг илрүүлж 34.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Үүнээс гадна улсын дугаар сольж зүүсэн 31 зөрчлийг илрүүлж таван жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 24 жолоочийг 240 мянган төгрөгөөр тогосон тухай Замын цагдаагийн газрын удирдлагууд мэдээллээ. Энхтайваны өргөн чөлөөний нийтийн тээврийн автобус, троллейбус явах хязгаарлалт тогтоосон замын хэсэгт нэгдүгээр эгнээгээр зорчсон 8170 зөрчил илрүүлж 40 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Нийслэлийн шинэ удирдлагуудаас гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн цогц арга хэмжээний үр дүнд Улаанбаатарт хийгдэж байгаа зам засварын ажил, хичээлийн шинэ. Жилийн нээлт болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс сэргийлж чадсаны дээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдыг зориулалтын гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гшарч хэвшүүлэх зэрэг ажилд мэдэгдэхүйц ахиц гарч, үр дүнгээ өгсөн гэж Замын цагдаагийн газар үзэж байгаа ажээ. Замын цагдаа нар ажил, амралтын өдрүүдийн алинд ч 15 цаг ажиллаж, хэт ачаалалтай байгаа тул Нийслэлийн Засаг даргын дэргэд замын хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих үүрэгтэй, 120 алба хаагчтай гэрээт алба бий болгох саналыг Замын цагдаагийн газраас дэвшүүллээ. Энэхүү саналыг судлахыг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Нийтийн тээвэрийн автобус нэгдүгээр эгнээгээр явдаг бүсийг өргөжүүлэх, тухайлбал Зүүн дөрвөн зам гэсэн хязгаарлалтыг цааш нь Офицеруудын ордон, баруун чиглэлд нэгдүгээр хорооллын Саппорогийн тойрог хүрч байсныг Таван шарын уулзвар хүргэх санал гарлаа. Бүсийн хүрээг тэлэх энэ саналыг 10-р сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Тус хуралдаанаас өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч авч хэлэлцээд цаашид баримтлах бодлогоо тодорхойлох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.