ММ-ийнхэн гэдэг их айлын эзэд

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

ММ-ийнхэн гэдэг их айлын эзэд

МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлагийн нэрийн хуудас нь “Цагийн хүрд”

Улс оронд болж буй үйл явдлыг шуурхай хүргэдэг мэдээний албаныхан агентлаг болон өргөжиж, Монгол телевизийн доторх бие даасан нэгэн вант улс болон оршин тогтнодог. Тэд саяхан телевизийнхээ 45 жилийн ойн баяраа тэмдэглэсэн билээ. Үзэг нэгт нөхдийнхөө ажил үйлсээс сурвалжлахаар өнгөрсөн баасан гаригт бид ММ агентлагийг зорилоо. Биднийг очиход тэд өглөөний шуурхай хурлаа хийж байв. Телевиз хэмээх их айлын амин судас нь мэдээллийн нэвтрүүлэг байдаг учраас хариуцлагатай үүрэг тус хамт олонд оногддог гэж хэлж болно. Хэн сайн ажилласан, хэн тааруухан мэдээ бэлтгэв хэмээн  хурлаар алдаа оноогоо хэлэлцэж, ирэх өдрүүдийнхээ ажлын төлөвлөгөөг гаргах гээд сэтгүүлчдийн ажил мундахгүй их.

Өнгөрсөн долоо хоногт “Цагийн хүрд” нэвтрүүлгийн мэдээллийн чанар сайн байсныг ахлах редактор Т.Эрдэнэчимэг онцлоод арван жилийн сургуулийн эргэн тойронд барьсан барилгын асуудлыг хөндсөн мэдээг чанарт оруулах саналтай байгаагаа хэллээ. Хоёр залуу сэтгүүлчийн мэдээ чанарын шагнал авахаар боллоо. Тус агентлагийн захирал С.Батзаяа “Ирэх сараас баримтат кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Киноны багийнхан томилогдсон. Гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй кино болохоор нийгэмд нөлөөлөл үзүүлж чадна гэж бодож байна. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс баримтат кино хийхээр зорьсон. Хууль сахиулагчдад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж найдаж байгаа. Хэдийгээр өдөр тутмын ажил их, зав чөлөө багатай байдаг ч бид нийгэмд нөлөөлөх зүйл хийх хэрэгтэй” гэлээ. Тэдний шуурхай өндөрлөх үед бид зарим хүмүүстэй уулзсан юм.

С.БАТЗАЯА: ИРГЭДЭД ОЙР, ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БАЙХЫГ ЗОРЬЖ БАЙНА

ММ агентлагийн захирал С.Батзаяа:

-МҮОНРТ-ийг нэг талыг барьдаг, олон нийтийн байж чаддаггүй гэж иргэд  шүүмжилдэг. Та  ямар шинэчлэл хийхээр зорьж байна вэ?

-Тийм шүүмжлэл гардаг. Манайх судалгааны албатай. Хэдийгээр хүмүүс их үзэж байна гэдэг боловч  дарга нарын тухай түлхүү  үзүүлэх гээд байна, эсвэл уйтгартай протокол үзүүлдэг гэж шүүмжлэх нь бий. Хуульдаа МҮОНРТ гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилнэ гэж заасан байдаг. Мэдээллийн хөтөлбөр ямар өнцгөөс үзэгчдэд хүрнэ, түүгээр нь дүгнэчих гээд байдаг талтай.  “Цагийн хүрд” хөтөлбөр олон нийтэд  үйлчилж чадаж байна уу гэдгийг анхаарч байгаа. Бид нар сая барьж ажиллах бичиг баримт дээр маш их өөрчлөлт шинэчлэл хийсэн. Иргэдэд зориулсан тусгай утас ажиллуулж, өгсөн мэдээллийнх нь мөрөөр сурвалжлага бэлтгэж байгаа. Бусдын бичиг баримтыг ашиглаж зургийг нь өөрчлөөд өөр хүнд паспорт гаргаж өгсөн мэдээллийн дагуу сурвалжлага бэлтгэж үр дүнд хүрсэн. Тухайн мэдээллийг өгсөн иргэний тусламжтайгаар олон хүний эрх ашгийн үйлдэл байсныг илрүүлсэн. Бид  төр засгийн шийдвэр гаргачдад нөлөө үзүүлэх ёстой. Яаж үзүүлэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан бол түүнийг нь мэдээлэх үүрэгтэй. Энэ шийдвэр үнэхээр иргэдийн эрх ашгийг хөндсөн үү, хөндөж байгаа бол яаж аль байдлаас нь үзүүлэх вэ гэдгийг хийх гэж  хичээдэг. Олон нийтийн санаа бодлыг сонсч, тэдний мэдэхийг хүсч байгаа зүйлийг хөндөж асуудал дэвшүүлсэн мэдээ мэдээллийг түлхүү хүргэх болно.

Д.БАТНЯГТ: ММ АГЕНТЛАГИЙН УУГАН АЖИЛЧДЫН НЭГ ГЭДГЭЭРЭЭ БАХАРХДАГ

ММ агентлагийн редактор Д.Батнягт:

-Та телевизид ажиллаад хэдэн жил болов. Анх ямар мэдээ, сурвалжлаганд явж байсан бэ?

-Юуны өмнө танай сонины хамт олонд  уран бүтээлийн амжилт хүсье. Есдүгээр сар бол их онцлог сар. Бүх телевизүүдийн баяр болдог. Тэр ч утгаараа телевизэд ажилладаг уран бүтээлч болгоны баяр гэж бодож байна. 1991 онд Ленинград хотын үйлдвэрчний эвлэлийн дээд сургуулийг төгссөн. Тэр үед Монгол орон зах зээлд шилжээд ажлын байр олдохгүй байсан. Тэгээд МҮОНТ-д дагалдангаар орж байлаа. Тухайн үед манайх агентлаг болон өргөжиж байсан. Хэдийгээр мэргэжлийн сэтгүүлч биш энэ тогоонд 20 жил чанагдаад жинхэнэ уран бүтээлч болж дээ. Би ММ агентлагийн ууган ажилчдын нэг гэдгээрээ бахархдаг. Анх соёл урлагийн чиглэлийн мэдээ бэлтгэдэг байлаа. Биднийг Орост сурч байхад үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөр сонинд байнга мэдээ бичүүлдэг байсан юм. Сонинд мэдээ бичиж байгаад нэлээд дөртэй болсон доо.

-Та өөрийгөө сэтгүүлч болно гэж төсөөлж байв уу?

-Үгүй. Сэтгүүлч гэдэг маш нэр хүндтэй, нийгмийг манлайлж байдаг сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг сонгосон хүн бүр өндөр босгыг давсан. Сүүлийн үед залуужиж байна.  Тиймээс Залуучууд  чадварлаг, мэдлэгтэй байх нь чухал. 

-Та орон нутгаар их явж байв уу. Хэдэн километр зам туулсан бэ гэдгээ тооцоолж үзэв үү?

-20-иод жилийн хугацаанд 10 гаруй мянган километр явсан байх. Бүх аймгийн нутгаар явсан.  Дэлхийн тав, зургаан оронд очсон. Энэ бол сэтгүүлч  мэргэжлийн ач гавьяа. “Цагийн хүрд”-ээр харсаар байгаад хөдөөгийхөн эчнээ танил болчихдог юм билээ.

-Таны нандигнаж явдаг нийтлэл, нэвтрүүлэг гэвэл?

-Хүний амьдралыг хөндсөн, хөдөлмөр орсон бүтээлдээ илүү хайртай. Зах зээлийн нийгэмд өөрийн авьяас, хүч хөдөлмөрөөрөө амьдралаа авч яваа ажилсаг хүмүүс олон байна. Энэ хүмүүсийн хүч хөдөлмөр улсын хөгжилд ч гэсэн тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.

Б.УРАНЧИМЭГ: ХАР ЦАГААНААС ӨНГӨТ РҮҮ ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦАД ОРОЛЦОЖ ЯВЛАА

ММ агентлагийн техникч Б.Уранчимэг:

-МҮОНТ-д ажиллаад хэдэн жил болж байна?

-Би 1979 онд анх ажилд орсон.  Хуучнаар ЗХУ-ын Холбооны сургуулийг  техникч мэргэжлээр дүүргэсэн.  Энэ байгууллагад 34  дэх жилдээ  ажиллаж байна. Намайг анх ажилд ороход манай телевиз хар цагаан байлаа. 1982 онд өнгөт болсон. Хар цагаанаас өнгөт болох үйл явцад гар бие оролцож явснаараа бахархдаг. Анх бид том дамартай л бичлэг хийдэг байлаа. Гэтэл одоо жижигхэн хальсан дээр бичлэг хийдэг болсон. Техникийн дэвшлийг бид харж, мэдэрч байна шүү дээ.

-Таны сэтгэлд үлдсэн хамгийн сайхан дурсамж тань хар цагаанаас өнгөт рүү шилжих үйл явц байв уу?

-Тэгэлгүй яах вэ.  Хар цагаанаас өнгөт рүү шилжинэ гэдэг том үйл явдал байлаа. Тэр үед техникийн албаны дарга Цэдэвсүрэн байсан юм. Их мундаг хүн. Дарга биднийг дуудаад л баахан кабелийн утас гагнуулна. Хуруугаа эвэрштэл гагнана. Сэтгэлд нь хүрээгүй бол тасалж хаяад дахиад гагнуулна. Тэсвэр тэвчээр заасан тэр ажил миний сэтгэлд хоногшин үлдсэн. Хэчнээн кабел гагнаснаа санадаггүй юм.

Ч.ИЧИНХОРЛОО: АЛДАА ГАРГАЧИХААД АЖЛААС ХАЛАГДАХ БАЙХ ГЭЭД ИХ ТҮГШИЖ БИЛЭЭ


Нэвтрүүлэгч  Ч.Ичинхорлоотой уулзлаа.

-Та хамгийн анх ямар нэвтрүүлэг хөтөлж байсан бэ?

-1995 онд СУИС-ийг төгсөөд МҮОНТ-д шалгалт өгсөн. Шалгуур өндөр болохоор зургаан сар туршилтаар явж байж ажилд орсон. Нэвтрүүлэг хөтлүүлэхийн тулд бага багаар дасгана. Анх би жил гаруй кинонд дуу оруулсан. Олон удаа сургууль хийсний дараа нэвтрүүлэг хөтөлж билээ.

-Таны сэтгэлд үлдсэн хөгжилтэй дурсамж гэвэл?

-Шууд эфирт гарах их түвэгтэй шүү дээ. Нэг удаа эфир рүү гүйж ороод микрофоноо зүүхээ мартаад ширээнийхээ ард суучихсан. Энгэртээ зүүх санаатай ойртуулах гээд татахаар л их дуу чимээ гараад байдаг. Их сандарч билээ. Ажлаасаа халагдах байх гэж айж байсан тэр үе сэтгэлээс гардаггүй юм.

-Та хэдэн кинонд дуу оруулсан бэ?

-Тоолж үзээгүй юм байна. Олон кинонд дуу оруулсан.  Сүүлийн үед бол ажил үүргийн хуваарилалт хийгээд  “Цагийн хүрд”-ийн нэвтрүүлэгч нарыг кинонд дуу оруулахыг болиулсан.

-Кинонд дуу оруулахад чамгүй жүжиглэлт шаардана биз?

-Өөрөө дүрээ их сайн мэдрэх хэрэгтэй. Гуниг зовлон, баяр баясал гээд тухайн хүний өмнөөс бүх зүйлийг дуу хоолойгоороо гаргах ёстой. Тийм учраас манайхаас гарч байгаа киноны дуу оруулалт илүү мэргэжлийн түвшинд байдаг болохоор үзэгчид үзэх дуртай байдаг болов уу.

Г.БАЙГАЛЬМАА: НЭГ Л ХЯЛГАС ОРВОЛ ХАЛЬС “БУДАА” БОЛНО. ТЭГЭЭД Л УЙЛНА ДАА


ММ агентлагийн зураглаач Г.Байгальмаа:

-Та Үндэсний телевизтэй хэдэн онд амьдралаа холбосон бэ?

-Москвагийн кино урлагийн дээд сургуулийг 1988 онд төгссөн. Төгсч ирээд хоёрдугаар сарын 8-нд МҮОНТ-д ажилд орсон. Тэр үед шинэ байр  барьж байсан юм. Анх теле кино үйлдвэр тусдаа байрлана. Бид 16 мм-ийн  кино хальсан дээр дүрс авч угаагаад, монтажинд оруулдаг байлаа. Мэдээ, сурвалжлагын дүрсийг дандаа л кино хальсан дээр авдаг байсан.

-Эмэгтэй  хүн  хүнд камер үүрээд явна гэдэг амар ажил биш байх. Ер нь хэчнээн кг жинтэй ачаа үүрч явдаг вэ?

-Хэдэн жилийн өмнө  бетакам камер гэж байсан. Тэр бүр 10-15 кг байсан байх. Одоо тааралдсан хүмүүс “Наадахаа жижиглэх болоогүй юу. Орчин үед  камерууд жижиг болоод байхад чи энэ камераасаа салахгүй юм” гэдэг. Улсын бага хурлын анхны хуралдааныг сурвалжилж байлаа. Тэр үед хамгийн хүнд камерыг бариад л ажлаа хийдэг байсан. Хөл хэрэглэхгүй дүрс авдаг болохоор 15 минут зогсоод л хөл чичирдэг байлаа. Одоо  арай хөнгөн болсон. Тэр үед дууг нь тусдаа авдаг байсан. Тийм болохоор хамт явж байгаа хүнтэйгээ хэлхэлдээд л явдаг байлаа.

-Хөгжилтэй явдал олон тохиолдож байсан байх. Түүнээсээ хуваалцвал?

-Олон тохиолддог байсан. Тэр үед кино хальс төмөр хайрцагтай байсан. Түүнийг нь хөдөөний хүмүүс их гуйна. Хальсан дээрээ зургаа авсан ч буцааж хайрцганд нь хийгээд лабораторид өгдөг байлаа. Илүү гарвал хөдөөний хүмүүст өгдөг. Ажилдаа ороод удаагүй байхдаа хөдөө сурвалжлагаар явсан юм. Тэгээд голын эрэг дээр зураг авч байлаа. Зургаа аваад ирсэн чинь миний хоёр хальсыг гаргаад хөвчихсөн, хайрцаг нь  алга болчихсон байдаг юм даа. Хөдөөнийхөн чинь тамхиа хийнэ гээд хальсны төмөр хайрцгийг их шохоорхдог байсан юм. Ёстой инээдтэй юм болж билээ.

-Алдаа гаргаж загнуулж байсан үе бий  юу?

-Байлгүй яах вэ. Жаргал даргад их загнуулж байсан. Хальсаар дүрс авна гэдэг чинь маш хариуцлагатай ажил шүү дээ. Нэг л хялгас орвол хальс “будаа” болно. Тэгээд л уйлна даа. Хальсаа гэрэлд цохиулчихаад загнуулах ч үе байлаа.

Т.ЦЭРМАА: 300 ЭР ХОНИНООС 300 ХУРГА АВАХ АМЛАЛТ ӨГЧЭЭ ГЭЖ  МЭДЭЭЛЭЭД ДОНГОДУУЛЖ БИЛЭЭ


Найруулагч Т.Цэрмаа:

-Таныг хамгийн аймаар хүн гэж сэтгүүлч нар хэлдэг юм билээ. Өрөөнөөс гараад хашгирахад нь цаасан дээр бичсэн мэдээгээ бариад л чичрээд гүйж очдог гэж олон сэтгүүлч ярьж байсан.

-Өрөөнөөс гарч ирээд л тэр сэтгүүлч нааш ир гээд л овог нэрээр нь дууддаг юм. Тэгэхээр л цаасан дээр бичсэн мэдээгээ бариад л гүйж ирнэ дээ. Заримдаа залуу сэтгүүлчдийг өрөвддөг юмаа. Нэг удаа миний өрөөний үүдээр нэг сэтгүүлч өнгөрч яваа нь харагдав. Байн байн өрөө рүү нүднийхээ булангаар хараад л гэнэт огцом гүйгээд л өнгөрлөө. Тэгэхэд нь би их өрөвдөж билээ. Сэтгүүлчдийн маань хөгжилтэй, бас хариуцлагагүй дурсамжуудыг би харж суудаг юм. Манай нэг сэтгүүлч хөдөө томилолтоор ажиллаад ирлээ. Мал төллөлтийн тухай сурвалжлага бэлтгэсэн юм. Явсаар байгаад олон үхэртэй айлд очжээ. Тэгсэн гэрт нэг охин байж. Түүнээс “Чи саальчин уу” гэж асуутал охин “саальчин” гэж хариулжээ. Тэгэхээр нь сурвалжлагч “За тэгвэл ярилцлага өгчих. Таны хамгийн хайртай үхэр аль вэ” гэж гэнэ. Охин “Тэр мухар” гээд хэвтэж байсан үхрийг заажээ. Тэгсэн сэтгүүлч “Та тэр үхрийнхээ хажууд зогсоод үнээ бүрээс төдөн тугал бойжуулна гээд сайхан яриад өг” гэжээ. Нөгөө охин ч зөвшөөрчээ. Гэтэл охин дуугүй л зогсоод байж. Чимээгүй зогсоод байхаар нь манайхан загнажээ. “Чи нөхөр минь хальс үрээд ямар хачин юм бэ” гээд л загнаж гарч гэнэ. Гэнэт охин нулимс дуслуулаад уйлж гэнэ. Сэтгүүлч “Юундаа уйлдаг юм” гээд л загнаад байж гэнэ. Охин “Манайх дандаа эр үхэртэй айл шүү дээ” гэжээ. Хариуд нь манайхан  “Тэгээд хэлэхгүй яасан юм бэ” гээд гайхсан янзтай асуусан юм байна л даа. Гэтэл охин “Та нарыг хараад мэдэх юм байх гэж бодсон шүү дээ” гээд л нулимсаа арчсан гэдэг.  Тэгсэн манай сурвалжлагч “Ямар сонин юм бэ, бүх үхэрнүүдийн  нүүр нь адилхан юм байна шүү дээ” гэсэн гэдэг. Бас нэг сонин мэдээ цацагдаж бид дарга цэрэггүй загнуулж байлаа. “Цагийн хүрд” нэвтрүүлгээр 300 эр хоньтой айлын тухай мэдээллээ. Батбаяр гуайнх 300 эр хоньтой, жилд төдөн кг ноос тушаадаг гээд л. Тэгснээ гэнэт хонь бүрээс 300 хурга авахаар амлалт өгчээ гэж уншдаг юм байна. Тэгээд эфирээ зогсоолоо. Маргааш нь хурлаар хэлэлцээд бөөн асуудал үүссэн.

-Мэдээллийн хөтөлбөр их хүчтэй байдаг шүү дээ. Ард түмэнд шууд хүрдэг утгаараа та бүхний гавьяагаар шагнуулж байсан хүн бий юу?

-Бид нэг удаа том гавьяа байгуулсан. Халх голын дайнд оролцож явсан ахмадууд ЗХУ-аас ирлээ. Манай улсын төлөө тулалдаж явсан  юм чинь баатар  байж таараа гээд л “Зөвлөлт холбоот улсын баатар, Монгол Улсын баатар И.И.Федюнинский ирлээ” гээд мэдээлчихсэн. Тэгсэн баатар биш байдаг байгаа.  Хүмүүс “Та чинь баатар болсон юм байна шүү дээ” гээд баяр хүрээд нөгөө өвгөн чинь баярлаад сүйд боллоо.  Телевизээр нэгэнт ингэж мэдээлсэн болохоор баатар болгоё гэж Ю.Цэдэнбал дарга зарлиг гаргасан. Ингээд И.И.Федюнинский гуай Монгол Улсын баатар болж билээ.

Телевизийн нөлөөлөл их шүү. 1990 онд одоогийн УИХ-ын гишүүн С.Баярцогт Ардын их хурлын хуралдааныг зогсоож билээ. Төрийн ордонд жинсэн өмдтэй орчихжээ, мань хүн. Манай телевиз хуралдааныг шууд дамжуулж байсан юм. Гэтэл С.Баярцогтыг өмдөө сольж ир гээд хуралдааныг зогсоож байлаа.  Хамгийн залуу гишүүн болохоор амьхандаа их гангалсан нь тэр байх.  

Сэтгүүлчид хурлаа тараад л сурвалжлагандаа гарах гэж яарч байлаа. Үдээс хойш бидний ид ажлын оргил үе эхэлдэг юм. Мэдээгээ, сурвалжлагаа гээд л хойшоо урагшаа гүйлдэнэ шүү дээ гэж С.Батзаяа дарга хэлж суусан. МҮОНТ-ийн ММ агентлаг хэмээх их айлын ажил өдөр бүр ундарсаар… Үзэг, үйлс зорилго нэгт нөхдөдөө 45 ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Үзэг нь хурц, үг нь цэцэн байх болтугай.
Б.АЗЗАЯА, Б.ГАНДОЛГОР, Ч.СУВДАА

(Нийгмийн мэдээллийн алба)

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж