“Цаст констракшн”-д барилгын стандарт хамаагүй юу?

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

“Цаст констракшн”-д барилгын стандарт хамаагүй юу?

Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудыг цэгцлэх асуудал есдүгээр сараас хойш анхаарал татсан сэдэв байв. Өнгөрөгч долоо хоногт НИТХ-ын гуравдугаар ээлжит бус хуралдаан болж, зөвшөөрөлгүй барилга, газар олгох асуудлаар чухал гэж болох шийдвэр гаргалаа. “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоож, цаашид авах  арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Ингэснээр нийслэл хот доторх 1300 га газарт газар олгохгүй байхаар болов. Үүнээс гадна холбогдох мэргэжлийн байгууллагууд нийслэлийн хэмжээнд баригдаж буй 545 барилгад хийсэн шалгалтын дүнг танилцуулсны дотор хоёр барилгыг  улсын өмчид хурааж авахаар болов.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн есдүгээр сарын 7-ны өдрийн тушаалаар нийслэлд баригдаж буй барилгын салбарын зөвшөөрөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан нь энэ. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлд 545 орчим барилга баригдаж байгаагаас 80 орчим барилга зөвшөөрөлгүй, тэдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 70 барилга байгаа гэнэ. Үүнээс өмчлөлийн 13 барилга, нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл олгосон 58 барилга багтсан гэнэ. Мэргэжлийн байгууллагууд урьд өмнө байгаагүйгээр нойроо хугаслан ажиллаж, шалгалтаа явуулсан нь сайшаалтай хэрэг. Гэвч 545 барилгаас 80 орчим нь зөвшөөрөлгүй, холбогдох хууль дүрэм стандартыг хангаагүй юм бол нийслэл хот тэгтлээ эмх замбараагүй алдаагүй гэж ойлгогдохоор. Гэхдээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч шүүмжлэл дагуулан барилгын ажил нь эхэлсэн гэх газруудыг нэрлэвэл нэлээд урт жагсаалт гарна. Зөвшөөрөлгүй гэж цоллуулах 78 барилгын жагсаалтад ороогүй ч өнөө хэр нь маргаан нь үргэлжлэх Сүхбаатар дүүргийн  гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт  баригдаж буй “Цаст констракшн” компанийн 10 давхар тансаг зэрэглэлийн гэх тодотголтой орон сууцны барилга. Газар шорооны ажил эхлэх цагаасаа буюу 2010 оны тавдугаар сараас хойш иргэд, аж ахуй нэгжийн эсэргүүцэлтэй тулгарсан ч шөнө оройн цагаар барилгын ажлаа явуулсаар таван давхар карказ босгоод арга буюу үйл ажиллагаа нь зогсчээ. Гэхдээ хэзээ нэг өдөр барилгын ажлаа үргэлжлүүлэхийг илтгэх мэт кран нь зоолттой хэвээр. Тэндэхийн гурав, тавдугаар хорооны оршин суугчид зэвэрч муудсан кранаас болгоомжилж, айдастай явах болсноо дуулгаад өмнө нь зэргэлдээх байрны айлын цонхыг хагалж байсныг нуусангүй. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан зөвшөөрөлгүй барилгын бетон зуурмагч машин онхолдож, бага насны хүүхэд амиа алдсан мэдээ энд тэндэхийн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй барилгуудаас иргэдийг ийнхүү эмээхэд хүргэжээ.

Одоо ч айдас дагуулах “Цаст констракшн”-ий барилга зогссон нь том учир шалтгаантай. Хоёр жил гаруйн өмнө буюу 2010 оны тавдугаар сард тус компани  газар шорооны ажлаа эхлүүлэхдээ “Монгол глобал” компанийн эзэмшил газарт халдаж, хашааг нь нураан бусдын газар эзэмших эрх, өмч хөрөнгөд бүдүүлгээр халдсан байна. Мөн Монгол Улсын онцгой нөхцөлд хэрэглэх зориулалттай “Монгол эм импекс” компанийн эмийн агуулахтай бөөрийг нь наалдуулах шахам газраа ухаж. Тухайн  үед хоёр компанийн удирдлагууд энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж мэргэжлийн байгууллагуудад хандсаны үр дүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн холбогдох хууль, стандартыг зөрчсөн талаарх албан шаардлага удаа дараа өгч байсан бол нийслэлийн Онцгой байдлын газраас барилга барих боломжгүй гэх дүгнэлт хүртэл гарсан байх юм. Албан шаардлага хүргүүлсээр байтал үйл ажиллагаа явуулбал 2-10 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулах хуулийн заалттай нь барилгын компаниудад тийм ч хүнд асуудал биш бололтой. Торгуулийг нь төлөөд ч хамаагүй барилгын ажлаа ахиулах гэж улайрдаг нь “Цаст констракшн”-ий барьж буй барилгаас харагдаж байна. Мэргэжлийн байгууллагуудын шаардлага хүргүүлээд үйл ажиллагаа нь зогсоогүй учир арга буюу шүүхэд ханджээ. Шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн ч 2010 оны аравдугаар сар хүртэл барилгын ажлаа шөнийн цагаар үргэлжлүүлждэг байсан баримт бий. Ингээд шүүхийн шийдвэр гарах хүртэл барилгын ажлыг зогсоох захирамж гарч, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барилгыг битүүмжилснээр таван давхар карказ боссоны дараа сая нэг үйл ажиллагаа нь зогссон байна.

Хэрэг хоёр шатны шүүхээр орсон ч “Цаст”-ын талд шийдвэр гарч. Энэхүү шийдвэрийн үндэслэл нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 607 дугаар захирамжаар “Цаст констракшн” компанид  орон сууцны зориулалтаар Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 0.00594 га газар барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас “Монгол глобал”, “Монгол эм импекс”  компаниудын  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2010 оны тавдугаар сарын 20 өдрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Энэхүү шийдвэр хуульд нийцээгүй, нэг талыг барьсан, явцуу хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж маргаж буй. Нэгэн баримт сөхөе.

2009 оны  арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Засаг даргын 607 тоот захирамжаар “Цаст констракшн” компанид орон сууцны зориулалтаар 0.0594 га газарт таван жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсөн байна.  Үүний дараа Нийслэлийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаар 43 иргэд аж ахуй нэгж байгууллагын эзэмшил газартаа барилга барих асуудлыг хэлэлцсэний дотор “Цаст констракшн” компанид орон сууцны барилгын зориулалтаар 0.0038 га гэж тэмдэглэжээ.Тэгэхээр захирамжаар олгосон 0.0594 га газрын 0.0038 га талбайд нь барилгажилт явуулах ёстой гэж үзсэн нь илэрхий. Гэтэл “Цаст” констракшн компани захирамжаар олгосон газартаа 100 хувь барилга барьснаас энэхүү маргаан үүссэн болох нь харагдаж байгаа юм. 

“Цаст констракшн” компани нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн, нийслэлийн барилга хот төлөвлөлтийн газраар барилгын зураг төслөө батлуулсан нь ойлгомжтой. Гэхдээ захирамжаар олгогдсон 0.0594 га газартаа бүхэлд нь орон сууц барихаар улиарсан нь зүйд нийцэхгүй баймаар. Ингэснээр тоглоомын талбай, ногоон байгууламжийг мартаад зогсохгүй, бусдын эзэмшил газар луу орох хүртлээ асуудал үүсчээ.

Гэвч нөхцөл байдал газар дээрээ эсрэгээрэээ. “Цаст констракшн” компани нь нийслэлийн ерөнхий архитектороос тавьсан удаа дараагийн шаардлагад нийцүүлэн орчны хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргахдаа ногоон байгууламж, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, орц, гарц зэргийг норм дүрмийн дагуу төлөвлөсөн гэх боловч үнэн хэрэгтээ дээрх зүйлсийг багтаах зай талбай үлдээгүй хачирхал төрүүлээд байгаа юм. Зураг төслийг батлуулахдаа норм дүрмийн дагуу зургаа гаргаад барилгаа барихдаа стандарт гэгчийг ор тас мартдаг жишиг манай барилгын салбарт нүүрлэсэн нь “Цаст”-ын барилгаас тодорхой харагдаж байна.

С.СЭРГЭЛЭН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж