“Тал нутгийн малчны хүү Гаваа…”

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

“Тал нутгийн малчны хүү Гаваа…”

Би Нэргүйн Гаваатай ярилцаж сууна. Тэр сонин түүх хүүрнэх юм. Үндсэн захиргаа Дундговь аймгийн Сайнцагаан сум. Барилгачин, малчин, уран сайханч… гээд олон ажилд өөрийгөө сорьсон “Хачин” хүн. Олны дунд “Уран Гаваа” “Баян Гаваа” “Мянгат Гаваа” гэж үе үед янз бүрээр нэрлэгдсэн энэ хүний намтар сонион, сонин. Ярилцаж суухад “Тал нутгийн малчны хүү Гаваа бага сургууль төгсч дунд сургуульд суралцахаар…” гэж эхлэх нэгэн зохиол яагаад ч юм, санаанд оров. Зохиолч П.Хорлоогийн тэр нэгэн өгүүллэгийн баатартай нэр нь адил болоод л тэр. Тавь, жараад оны бага сургуулийн сурагчид андахгүй тэр зохиолоос ярилцлагынхаа гарчгийг ч олсон юм.

-За ярилцаад байж дээ, юунаас эхлэх вэ?

-Би чинь аймагтайгаа нас чацуу. Аймаг ойгоо тэмдэглэхээр огшоод л явчихна.

-Тэгвэл та аймгийнхаа түүхэнд ямар нэг хэмжээгээр холбогдох нь ээ?

-Хэ хэ, тэр нь ч юүв, харин  барилгын байгууллагынх нь анхны ажилчин гэж онгирно шүү. Жаран онд анхны барилгын бригад байгуулагдахад л ороод явчихсан. Арав гаруй жил “Яруу алдарт барилгачин” гэгдэж явлаа. Барилгын яамны дэргэдэх зургаан сарын курст суралцаад мужаан хийсэн. Хаалга, цонх… гээд модоор хийж болох бүхнийг  мужаан л амжуулна. Модон эдлэлээс болж барилгын ажил саатвал хариуцлага том ярина шүү дээ. Хурал, зөвлөгөөнд явна, сайдын гарын үсэгтэй сайшаал шагнал авна, сонин, хэвлэлд бичигдэнэ, ер нь нэг хэсэг мандсан шүү. Далаад оны дундуур О.Тлейхан сайдын гараас “Тэргүүний барилгачин” гэсэн цол, тэмдэг хүртэл авч байлаа. 1422 гэсэн дугаартай үнэмлэх нь байгаа. Улсдаа л төд дэх мундаг барилгачин болсон юмуу даа. Сайдын “Хүндэт жуух” ч бий. Сайн ажилчин гээд нэг сайхан өдөр намд аваачаад элсүүлчихлээ. Манай барилгын ажил ч сайн, дарга нар ч сайн улс байсийм.

-Та ч жинхэнэ бүтээн байгуулалтын дайчин явж дээ?

-Жар, далаад онд Мандалговь  ид барилгажсан. Тэр үед л “Бурхан” мужаан нь гэгдэж байлаа. Тэгтэл бас хэрэг бишдсээн.

-За яах нь тэр билээ?

-Гэр бүлийн жаахан асуудал үүсээтэхсэн чинь нөгөө намын гишүүн маань гай болсон. Намын хорооны хоёр Цэрэндорж гэж том дарга нар дээр дуудагдаад, товчоогоор ороод арга хэмжээ авах юм болоод явчихсан. Арай ч хөөхгүй бололтой. Тэгэхээр жаахан эгдүү хүрээд “Миний гэр бүлийн асуудал энэ намд чинь ямар хамаатай юм. Үүнийгээ ав” гээд батлахыг ширээн дээр нь тавиад гарсан.

-Тэгээд эргэж элсээгүй юү?

-Яалаа гэж. Тэгээд л ажил цэгцрэх нь тэр. Би бас болоогүй ээ, ажлынхаа чөлөөгөөр амьтан хүний гуйлганд хаалга, тооно, авдар шүүгээ хийж өгдөг байсан нь дарга нарын сонорт  хүрээд дахин “Чихдүүлдэг” байгаа.

-Хаалга, тооно хийлээ гэж үү?

-Тэгэлгүй яахав. Би чинь ойр зуурын юм хийгээд “Уран Гаваа” нэр авч байлаа. Амьтан, ах дүүс сайн, бөх бат, гоё хийж гээд арав таван төгрөгөөр гар цайлгадаг. Түүнийг хувийн хөдөлмөр хийж амьтан хүн мөлжсөн бараг л “Феодал” энэ тэр гээд цоллож мужааны хэдэн багажаа юү ч үгүй хураалгаад өнгөрсөн. Мөн ч сонин нийгэм байсан юм шүү. Дөч гаруй жилийн өмнө миний айлд хийж өгсөн хаалга, тооно, авдар шүүгээ одоо ч ганц углуурга ч сулраагүй шинэ юм шиг л байж байгаа. Манай барилгын ахмад үеийхэн мэднэ дээ.

-За тэгээд?

-Би чинь бригадын дарга том хүн  явлаа. Социалист хөдөлмөрийн төлөө бригад даргалаад үзэж тарж явсан үе бий. Тэр үеийн Зөвлөлт, одооны Орост төгссөн залуучууд хамт ажиллаж байлаа. Улсын прокурор асан Монголын Алтанхуяг миний ажилчин, дажгүй мужаан байсан. Би соц бригадын дарга нь. Мань хүн Орост ТМС төгссөн мужаан хүүүхэд байлаа даа. Над руу одоо хааяа “Даргаа” гээд ярина шүү дээ. За тэгээд миний бригадад Л.Дамбийжанцан гээд Орост ТМС төгссөн хүү байсан. Одоо Мэргэжлийн хяналтын газраас гавьяандаа гарсан дуулдах юм.

-Өө, таны гар дороос улсын Ерөнхий прокурор төрсөн байна шүү дээ. Энэ бол таны нэг бахархал. Танд чинь урлаг уран сайхнаар явсны ул мөр болсон сайшаал шагнал бас байх юмаа?

-Улсын Ерөнхий прокурор хүн одоо “Даргаа, даргаа” гээ байх ч малчин над эвгүй шүү. Жүжиг, шог үзэгдэлд  би тоглодог байсан юм. Гавиагүй дээ. Манай барилга ч бас клубтэй, уран сайхны арга хэмжээ их зохион байгуулдаг байлаа. Соёлын ордныхон ч наана цаана гээд юмандаа оролцуулах дуртайсан. Залуудаа нэлээд явсан. Бүр аймаг хошуу алгасаад тоглолтоор явж байсан. Тэр үед чинь бид “Сайн дурын уран сайханч” гэсэн шоглосон ч юм шиг нэр алдартай байлаа шүү. Одоо “Ардын авьяастан” гэж нэрлэх болчихож. Сайн дураар ч юү байхав, албадлагаар л ажил төрлөөс нь хэдэн сараар чөлөөлөөд оруулчихаж байгаа юм чинь. Тэр сайн дурын уран сайханчдын улсын үзлэг 1971 онд болоход нэг, хоёрдугаар шатанд шалгарч байлаа. Соёлын ордон чинь дэргэдээ “Авьяас” гэсэн жүжгийн чуулгатай байв. Тэр чуулгын гишүүн гээд оройн цагаар бэлтгэл сургууль тасардаггүйсэн. Бид шог үзэгдлийн цуваа олныг тоглосон доо. Хамт тоглож байсан олон хүн урлагийн мөр хөөж зарим нь алдар гавьяа ч хүртсэндэг. Далаад оны дундуур хөдөө гарч мал ахуйгаа бараадаад урлаг уран сайхан ч орхигдолгүй яахав. Тэр үед ажилчин ангийн дунд соёл, олон нийтийн ажил маш сайн зохиогддог байсан юм шүү.

-За малчин болчихсон юм чинь баатрын барианд зүтгэдэг юм байгаа биз дээ?

-Цаг нартай уралдсан ажилчин хүн  мал маллаад эхлэхээр ахуй, амьдралын дэг жаяг тэс өөр болж байгаа юм чинь. Нэгдэл нийгэмдээ амьтны жишгээр ажиллаад сайхан байсаан. Аминдаа далан таван малтай байх хязгаартай. Илүү гарвал нэгдэлдээ өгөх журамтай. Харин хөдөө гарсан цагаас малаа өм цөм хорогдуулсангүй, үйлдвэрлэлийн даалгавар тасласангүй. Жил дараалан л тэр амжилтыг тэмдэглэсэн үнэмлэх, баярын бичиг гардуулна. Энх, мэнд сүрэгтэн, сум, бригадын аварга тэргүүн… энэ тэрийг нь аваагүй жилийг би санахгүй байна. 

Цааш нь нэг их ахидаггүй нь нөгөө намын гишүүн биш нь саад болдог ч байсан юм уу. 1977 оны ч билүү, айхтар зуднаар би нэгдлийнхээ хуц ухныг маллах таараад нэгийг ч хорогдуулаагүй онд оруулсан. Энд тэндгүй айлууд малаа бараад л зарим суманд “Зуданд мал үхүүллээ” гээд дарга нь шоронд орсон дуулдаж байлаа. Тэгэхэд Наран бригадад би хэдэн зуун хуц ухнаа аваад л гарсан. Тэр жил зүүн талын нэг сумнаас хуц ухна малласан нэг хүн Улсын аварга ч билүү боллоо гээд л мандаж байсан. “Ингээд л би байхгүй” гэж кинонд гардаг шиг  би ч чимээгүй  сонсоод л өнгөрөхөөс яахав.

-Жаахан хэлмэгдээд байсан юм биш биз?

-Хэлмэгдүүлсэн гэж цээжээ дэлддэггүй ээ. Нөгөө дайны тэргүүн шугамд орчихоод тулалдаан зогссоны дараа “Нохой охсон намын гишүүнээс болж алуулахаа шахлаа” гэсэн цэргийн онигоо шиг намын гишүүн биш байсан нь жаахан хойгуур “Давхих” шалтаг болж байжуу гэж бодогддог юм. Тэглээ гээд малчны хүү малчин заяанаасаа ухрана гэж юү байхав.

-Нийгэм өөрчлөгдсөн ерээд оноос уур амьсгал ч өөр болсон доо?

-“Нэгдэл гэдэг айл нэг л биш ээ” гэдэг үзэл санааг сумандаа анх түрүү мэдэрсэн хүн. Тэгээд л “Нэгдлээ тараая” гэж хамгийн түрүү гар өргөн уухайлаад эхэлсэн. Амьтан хүнийг уруу татсан хэрэг ч мандсан. Ямар ч байсан хувьчлалд 120 толгой мал аваад “Нэгдлээ баяртай” гэлгүй яахав. Амины 75 гэж бас бий. Ингээд л дөрвөн жилийн дараа гэхэд сумандаа анхны, аймагтаа айргийн тавд  багтсан “Мянгат” болоод явчихсан. “Мянгат”-аа хэдэн жил хамгаалах хооронд Мянгат малчдын улсын зөвлөгөөн, мал аж ахуйн шилдэг бизнесменүүдийн улсын анхдугаар чуулга уулзалтад оролцож төрийн ордондоо алхаж гишгэж хуралдан чуулж явлаа. Сайхан хэрэг шүү.

Мянгат малчин болсноосоо хойш хоёр айхтар зудыг давлаа. 2000 оны зуднаар урагшаа нүүгээд хорогдолгүй гарсан. Аймаг даяар үхрээ барсан тэр жил ганц нэг үхэр нүд аниулсан ч богоо бүрэн аваад гарсан. 2010 оны зуд ч  манай нутагт халгаатай өнгөрсөн. Хаа хол Дэлгэрхангайгаас нүүж манай энэ хавьд ирсэн мянга гаруй малтай хэд хэдэн айл дуусгаад л буцсан даа. Манайх жаахан буруу тооцоолсноос нүүдлийн чигээ олоогүй. Тэгээд  нэг, хоёр зууг тавиад туучихсан. Зуд зулагтай болохоор  мал өсдөг. Нас ахиж байгаа болохоор малын тоогоор хөөцөлдөхөө больсон. Хүүхдүүд мөнгө төгрөг болгоод өөр өөрийн амьдралдаа хэрэгтэй арилжаа наймаа хийж байх шив дээ. Хувьд очсон мал өсдөг гэдгийг үзлээ. Хэд ч хүргэж болно. Гэхдээ чадал чинээ, нас биеэ бодолгүй яахав. Амьдралд хүрэлцэх мал хөрөнгө байна. Унах унаа машин байна. Хэмжээнээс хэтэрсэн юм хурааж хөеөлөөд яах юм гэж боддог шүү,

-Бас л боддог бодол. Таныг нэг хурал дээр хүзүүндээ зүүсэн гуутай бурхан гаргаад яриад байна уу гэсэн чинь Наранцацралт сайдын зурагтай байж билээ?

-Би сайдыгаа “Ардчиллын хэдэн бурхадын нэг” гэж шүтдэг юм. Тэр том хүнтэй найз гээд хэлэхээр  зарим хүн “Залж байна” гэж магадгүй. Үнэхээр найз байсан. Аймагт ирэхээр манайхаар заавал орно. Ерөөлтэй хүн байсан юм байлгүй, ирэхэд нь үрс ч юмуу, нэг ёслол таарчихна. Сайхан инээгээд  надаар тоглоом наадам хийгээд л наргиж шуугиж байгаад явдагсан. Би талийгаач сайдыгаа Дундговьд төдийгүй Монголд хэрэгтэй хүн байсан, хэзээ нэг цагт Монгол төрийг тэргүүлнэ гэж итгэж явсан юм. Одоо ч би Наранцацралт сайдынхаа гуутай зургийг хүзүүнээсээ салгадаггүй. Орой унтахдаа бурхан дээрээ залдаг юм.

Гаваа гуай бид хоёрын яриа ийнхүү өрнөлөө. Хичнээн ч ярьсан уйдахааргүй. Туулсан зам нь тэр чигээрээ адал явдал. Өөрөө жүжиглэх төрөлхийн авьяастай болохоор яриагаа амилуулна гэдэг ч тамтаггүй. Ил цагаан яриа,  шулуун шударга зан нь социалист нийгмийн үед түүнийг жаахан “жийлгэсэн” байж мэднэ. Соц нийгэмд дандаа магтагдаж сайшаагдаж  явсан ч ойн ганц хоёр  медаль, тэрүүний барилгачин тэмдэгтэй л хоцорч. Харин Ардчиллын одон медаль хэд хэдийг хүртээд авсан гэнэ. Радио хүлээн авагчийг хананыхаа толгойноос зүүчихсэн, түүнийгээ сонсч кайф авна. Телевизийн олон сувгийг тооноо нэг үгүй. Радио хүлээн авагчаа өөрийн үнэнч туслагч, сайн нөхөр гэж үзнэ. Тогтмол нэвтрүүлгүүдийг алгасахгүй сонсоно. Сонссон дуулснаа орсон гарсанд нүдэнд харагдтал, ой тойнд буутал ярина.  Нэргүйн Гаваа  нэр төр, алдар гавьяаны эзэн биш. Хүний дайтай амьдарч, нүнжиг, хүн чанар хоёроороо өөрийгөө чимж яваа хөдөөх эгэл нэгэн эр. Далан насыг давтлаа хорвоогийн эрээн бараанд нугараагүй, жинхэнэ “Тал нутгийн малчны хүү Гаваа” билээ л…

С.ПҮРЭВСҮРЭН /ДУНДГОВЬ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж