Монгол Ардын Хувьсгалт Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар Оюутолгойг ашиглах болсонтой холбогдуулаад ажлын байр бий болгох талаар холбогдох хүмүүстэй ярилцсан байна. Тус хуралд Эрдэс Баялаг Эрчим Хүчний Сайд Д.Зоригт, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Сайд Т.Ганди, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяар нарын албан тушаалтнууд оролцсон байна. Оюутолгойд ажлын байр бий болгох асуудлаар өмнө нь МАХН-ын бүлэг ярилцахдаа энэ асуудлыг онцгойлон авч үзэх хэрэгтэй гэж үзээд 3300 ажлын байр бий болгохын тулд нэг жилд 36 тэрбум төгрөг буюу нэг хүний сарын цалинг 300 мянган төгрөг байхаар тооцолсон ажээ. Ингээд Улаанбаатар хотын дүүргүүдэд квот гаргаж, хуваарь өгсөн байна.
Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт 600 хүн, бусад дүүрэгт 300 гэхчлэн тооцолж, нийт 3300 хүний ажлын байр бий болгох талаар өнөөдрийн хурлаар ярьсан байна. Энд ажиллах сонирхолтой иргэдийг нийслэлийн дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн алба бүртгэх ажээ. Харин 3300 ажлын байр бий болгох асуудалд Оюутолгойн үндсэн ажилчид тооцогдох талаар МАХН-ын бүлгийн гишүүд холбогдох албаны хүмүүсээс тодруулсан байна. Одоогийн байдлаар Оюутолгойд 1300 монгол ажилчин ажиллаж байгаа бөгөөд шинээр ажлын байр байгуулах ажил 90 хоногт үргэлжлэх гэнэ.
Б.Алтансүх