2013 төсвийн төсөлд тусгаснаар татвар нэмэгдүүлж, 20 тэрбум евро олохоор төлөвлөжээ. Мөн Засгийн газрын зардлыг бууруулснаар 10 тэрбумыг, нийгмийн хангамжийн мөнгөнөөс 2,5 тэрбумыг тус тус олох гэнэ. Өмнө нь Засгийн газар төрийн албаны зардлыг 4,4 тэрбумаар хэмнэх арга хэмжээг дэмжсэн юм.
Төсвийн зардлыг ингэж эрс хэмнэснээр 2013 онд Франц төсвийн зөрүүгээ Европын холбооны засаг захиргааны шаардаж байгаа хэмжээнд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэхээр болгож чадах ажээ. Засгийн газар 2017 онд уг үзүүлэлтийг ДНБ-ний 0,3 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.
Францын Сангийн сайд Пьер Московиси (Pierre Moscovici) нийгмийн сэтгэл зүйг тайвшруулахаар “Нийгмийн дунд давхаргынхан татварын дарамтад орохгүй, түүнд татвар төлөгч 10 хүний нэг нь хамрагдана” хэмээн мэдэгдэв. Гэхдээ сайд өнөөгийн төсвийг эдийн засгийг сэргээхэд зориулагдаагүй зөвхөн “тэсч үлдэхийн” тулд хийсэн гэж анхаарууллаа.
Үүнээс өмнөхөн Францын ажилгүйчүүдийн тоо 1999 оноос хойш анх удаагаа гурван сая хүнээс давсан мэдээ гарсан юм. Үүний хажуугаар ажлаа бүрэн сэргээхийг эрмэлзсэн хөдөлмөр эрхэлдэг 4,5 сая хүн байгаа ажээ. Уг асуудлыг жилийн дотор шийдэхээр Засгийн газар нь амлаад байна.