Мөнгөний бодлого хааш чиглэв?

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлого хааш чиглэв?

УИХ ирэх жилийн Монгол Улсын мөнгөний бодлого, улсын төсвийн үндсэн чиглэл гэх мэт улс орны эдийн засаг, санхүүгийн амьдралыг тодорхойлох ёстой гол гол асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөнгөний бодлогын төслийг төв банкнаас жил бүрийн аравдугаар сарын 1-ны дотор УИХ-д өргөн барих ёстой. Харин улсын төсвийн үндсэн чиглэл болон төсвийн тухай хуулийн арванхоёрдугаар сарын 1 хүртэл дөрвөн хэлэлцүүлэг дамнуулан хэлэлцэх учиртай. Шинэчлэлийн хэмээх шинэ Засгийн газрын бас нэг “мода” ёсоор амралтын өдрүүдэд хийх болсон Засгийн газрын хуралдаанаар Мөнгөний бодлогын төслөө төв банкны шинэ ерөнхийлөгч Н.Золжаргал өргөн барьсан. Албан хэллэгээр бол Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас хуульд заасан хугацаанаас хоёр хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьсан юм. Одоо гараад байгаа мэдээллээр бол төв банкныхан ирэх жил инфляцийг найман хувьд барих талаар тусгажээ. Өнөөдөр 14,5 хувь байгаа инфляцийг ганц жилийн дотор шууд л 6 орчим пункт буулгана гэхээр их л зоригтой амласан мэт. Сонгуулийн урталь 2011 онд инфляцийг нэг оронтой тоонд барина хэмээсэн эрх баригчид, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн төв банкныхан мөн ч их баалуулсандаа уг нь. Харин одоо ямар арга замаар иргэдийн уур цухлыг ихэсгээд байгаа инцляцийг найм хэмээх мөрөөдлийн тоонд хүргэх зорилготой байгаа нь тодорхойгүй. Бүр цаашилбал, 2014-2015 онд инфляцийг зургаан хувьд барихаар төсөөлж байгаа юм байна. Ерөөлөөр болтугай.

Жилийн жилд л шахуу төв банкныхан инфляцийг бууруулах үүрэг авах тулгалтад ордог. Тэр бүрийд Засгийн газар өөрөө инфляцийн үрийг тариад байгаа атлаа ийм үүрэг өгч байгаа нь утга учиргүй гэж ерөнхийлөгч нь “гүрийдэг”. Хариуд нь мөн өврөөсөө мөнгө хэвлээд байгаа баян байгууллага мөртлөө бодлогын хүүг хэтэрхий чангатгаж байна гэсэн зэмлэл хүлээж, угтаа төв банк, Засгийн газар, УИХ гурав бие бие рүүгээ дайрах эсрэг талын гол баатрууд мэт л үйл явдал үргэлжилждэг, мөнгөний бодлого хэлэлцэх үед. Харин энэ жил хэрхэх бол? Ямар ч гэсэн төв банкныхан ихээхэн өөдрөг байгаа бололтой. Угаасаа шинэ Ерөнхийлөгч Н.Золжаргал өмнөх ерөнхийлөгчийнхөө дэдээр нь ажиллаж байсан гэдэг утгаараа өмнөх бодлого нэг их өөрчлөгдөхгүй нь тодорхой гэгдэж буй. Тийм болохоор мөнгөний бодлогоо зөөлрүүлэхгүй хэвээр байх бодлого үргэлжлэх болов уу. Мөн төв банкны зүгээс тавьдаг бас нэг шүүмжлэл нь Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт, бэлэн мөнгөний урсгал ихсэхийн хэрээр инфляцид нөлөөлж буй гэдэг. Ирэх жилийн хувьд ч Засгийн газар хүүхдүүдэд 20  мянган төгрөг олгож эхлэх бөгөөд төсвийн зардлыг тийм ч их бууруулахгүй байдалтай харагдаж байгаа нь төв банк Засгийн газар /үнэндээ бол түүнд хяналт тавих ёстой УИХ нь ч бас нэг байр суурьтай шахуу харагдаж байгаа, сөрөг хүчнийг эс тооцвол/ хоёрын хооронд ширүүхэн тулаан дэгдэх нь үү, яах бол?

Ямар ч гэсэн төв банк бодлогоо өргөн барив. Удахгүй УИХ, байнгын хороодоор хэлэлцээд эхлэхээр арга зам, зорилго нь илүү тодорхой харагдана биз.

Дашрамд сануулахад, уул уурхайн баялгаасаа их орлого олно хэмээн хөөрцөглөж байсан монголчуудын хувьд байдал тийм ч сайнгүй, экспортын орлого улирал, сар тутам буурсаар манай улсын экспортын орлого долдугаар сараас эрс багасч эхэлжээ. Тодруулбал, долдугаар сарын сарын 15-ны байдлаар 175 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 50 орчим сая ам.доллараар буурсан байгаа. Дэлхийн эдийн засгийн хямралын айдас, ялангуяа их хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, эдийн засгийн халуунаа буулгах бодлого баримталж байгаа энэ үед экспортын орлого цаашид өсөх найдвар бага. Дэлхий даяар айсуй бас нэгэн ээлжит хямралын чимээнд ширвээтсээр байгаа энэ үед төсвөө хэрхэн баталж, мөнгөний бодлогоо хэрхэн чиглүүлж чадахаас энэ Засгийн газрын цаашилбал Монгол Улсын ойрын, магадгүй ирээдүйн хувь заяа ихээхэн шалтгаалах буй за.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж