Хэвлэл эрх чөлөөтэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Хэвлэл эрх чөлөөтэй болох уу?

УИХ-ын ээлжит намрын чуулганаар өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь олны анхаарал татаж буй асуудал юм.

Уг нь бол энэ хуулийг гаргах гэж олон жил дуншуулсан ч яг хэлэлцэх гэхээр эрхэм гишүүдийн шилэн хүзүү татсаар өдийг хүргэсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар өмнөх УИХ-ын гишүүд сүрхий зориглож барьж авах гэснээ гэнэтхэн тормоз гишгэчихсэн. Тэгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хоёр ч хуулийн төсөл УИХ-ын  хэлэлцүүлэгт орох ээлжээ хүлээж байсан ч дургүйд хүчгүйн үлгэрээр эрхэм гишүүд нэг эргүүлж үзээд ширээнийхээ доогуур шидчихсэн. Хуулийн төслүүдийг 2011 оны арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан боловч гар хүргэлгүй хавартай золгож, тэгснээ Засгийн газрын төслийг ганц хоёр хэлэлцсэн болж, Ерөнхийлөгчийн төслийг дөнгөж гарчиглаад л үлдээсэн. Ардчилсан Монгол Улсын парламент хэвлэлийн эрх чөлөө гэхээр л эрч нь суларчихаад байдаг нь гэм биш зан болсон гэлтэй.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголт Монголд хожуу орж ирсэн. Социализмын үед ганц үзэл сурталд үйлчлүүлж, хойд Солонгосыг хэлэлтгүй амаа үдүүлж байсан хэвлэлийн эрх чөлөө 1990 оноос сая Монголд мэндэлж 20-хон жилийн өмнө буюу 1992 онд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхаглаж, 1998 онд төрийн мэдлийн хэвлэлийг чөлөөлөх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хууль гаргасан. Эрхэм гишүүн асан Э.Бат-Үүл нарын 1998 онд санаачлан батлуулсан ганцхан хуудас хуулиар л Монголын хэвлэлийн эрх чөлөө өнөөг хүртэл журамлагдаж ирлээ. Түүнээс хойш нарийвчилж дэлгэрүүлсэн хууль гаргаагүйг бодоход хууль тогтоогчид хэвлэлийн эрх чөлөөнөөс жийрхдэг бололтой байгаа юм.

Өнгөрсөн парламент зориглож хоёр хуулийн төслийг гартаа ганц барихдаа хэвлэлийн эрх чөлөөг илүү тунхагласан Ерөнхийлөгчийн төслийг бус хэвлэлийг атгандаа байлгах сонирхол илэрхийлсэн Засгийн газрын төслийг түрүүлж авч хэлэлцсэн нь үүнийг гэрчилнэ.

Засгийн газрын төсөлд сэтгүүлчдийн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхэд шууд халдах гэсэн бол Ерөнхийлөгч нууцлах эрхтэй гэдгээр томъёолон өгчээ. Ерөнхийлөгчийн төсөлд сэтгүүлчдийг ёс зүйн консултай болгож, аль болохоор асуудлыг шүүхэд хүргэлгүй сэтгүүлчдээр нь хэлэлцүүлэн холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй гэсэн бол Засгийн газрын төсөлд Хэвлэл, мэдээллийн зөвлөл байгуулж, хэвлэлүүдийг хянаж байх уг зөвлөлд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, үүсгэн байгуулагчийг төлөөлсөн гурав, сэтгүүлчдийг төлөөлсөн тав, иргэдийг төлөөлсөн гурван гишүүн байхаар тусгасан байх жишээтэй. Хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлага, иргэдийн төлөөлөлтэй хавсайдан нөгөө муу алдаа гаргасан сэтгүүлчийг шүүх рүү түлхэж мэдэх нь л дээ.

Эрүүгийн хуульд “Бусдын нэр төрийг сэвтүүлж, нэр төрд халдсан” гэсэн агуулгаар сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт татдаг нэг заалт байдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд түүнийг Эрүүгийн хуулиас авч Иргэний хууль руу шилжүүлэх, буруутай сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэх бус иргэний журмаар асуудал үүсгэн торгох зэрэг арга хэмжээ авч байхаар зөөлрүүлжээ. Харин Засгийн газрын төсөлд энэ талаар дурдаагүй. Өмнөх УИХ-ын гишүүд сэтгүүлчдэд арай ээлтэй Ерөнхийлөгчийн төслийг бус халгаа ихтэй Засгийн газрын төслийг түрүүлэн авч хэлэлцэж байгаад үлдээсэн  нь ч хэвлэл, сэтгүүлчдийг гар дороо байлгах гэсэн сонирхлыг нь илэрхийлнэ.

Сэтгүүлчдийг Хэвлэлийн эрх чөлөний хуульгүй байлгаж байгаад өөрсдийнхөө золиос болгох гэсэн улстөрчдийн санаа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн харагдсан юм. Сонгуулийн сурталчилгааны үеэр улстөрчдийн нэр төрд халдсан алдаатай мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг хийвэл тухайн хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг нэг сарын  ажлын хөлсний доод хэмжээг 70 дахин өсгөсөн хэмжээгээр нэмэгдүүлж торгоно гэсэн заалтыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд эрхэм гишүүд хээв нэг шургуулж орхисныг сэтгүүлч мэргэжилтэй эрхэм гишүүн З.Алтай хэл ам хийж, хэрэлдэн байж арай зөөлрүүлсэн. Угтаа улстөрчдийн бие биеэ доромжилсон захиалгат нийтлэл, нэвтрүүлгийн балгийг түүнийг нь нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тохох гэж бухаад хараахан бараагүй. Гар дороо хэвлэлтэй, түүнийгээ нохойд барьдаг мод шиг ашиглаж, сэтгүүлчийн гараар могой атгуулах сонирхол нь эрхэм улстөрчдийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлуулахгүй байхад түлхдэг.

Энэ хооронд хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн улс орнуудын дунд эзэлдэг Монгол Улсын байр суурь хойшилсоор. Ардчилсан хувьсгал ялсан 1990 онд хэвлэлийн эрх чөлөө огцом 100 хувьд хүрч, бүрэн эрх чөлөөтэй хэмээн тунхаглагдсан Монгол оронд энэ байдал 2000 оноос хумигдсаар өдгөө хагас эрх чөлөөтэй хэмээгдэж, эзэлдэг байр нь огцом ухарч 35,37 оноотойгоор 179 орноос 100 дугаар байранд оржээ.

УИХ-ын энэ намрын чуулганаар энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна. Ардчилагчид давамгайлсан парламенттай, ардчилагчид төрийн гурван өндөрлөгийг эзэлсэн энэ цаг дор хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн үнэлэхийг харах үлдэж байна. Хэвлэлийн хагас эрх чөлөөг бүтэн болгох сонирхол улстөрчдөд бий эсэхийг шинэ оноос өмнө харж болох нь ээ.

                                Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж