Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Улс орныхоо эрх чөлөө, үнэт зүйлийн төлөө олон жил тэмцэж, ихээхэн бэрхшээлийг даван туулж чадсан Танд юуны өмнө халуун баяр хүргэе. Чөлөөт нийгмийн төлөө хүний эрхийн салбарт гаргасан таны тэмцэл, туршлага ардчиллыг бэхжүүлэхийг зорьж буй олон улс оронд урам зориг төрүүлж байна” хэмээв.
Дэв Аун Сан Сү Куй хэлэхдээ “ НҮБ-ын индрээс дөнгөж сая Таны хэлсэн үгийг миний бие сэтгэл догдлон хүлээн авлаа. Бид Монгол Улс ардчилсан өөрчлөлтөө амжилттай хийж туулсан туршлагаа бусадтай хуваалцаж байгаад баяртай байна. Монгол Улс АОХН-ийг даргалж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад мөн баяртай байна” гэлээ.
Дашрамд дурдахад Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэг, Нобелийн шагналт Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Дэв Аун Сан Сү Куй нь хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө 15 жилийн турш гэрийн хоринд хоригдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүний хамтаар түүнийг гэрийн хориноос суллуулах шаардлага тавьж байсан юм. Түүнчлэн Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Дэв Аун Сан Сү Куйг гэрийн хорионоос гарсныхаа дараа хамгийн түрүүнд утсаар ярьж эрх чөлөөтэй болсныг нь хуваалцсан хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ сарын 22-нд Харвардын их сургуулийн Кеннедигийн форумд лекц уншсанаас таван өдрийн дараа Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Дэв Аун Сан Сү Куй тус сургуульд уригдан эрх чөлөө, ардчиллын сэдвээр мөн лекц уншсан байна.
Нобелийн шагналт Дэв Аун Сан Сү Куйтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсаныхаа дараа 1991 оны Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Дэв Аун Сан Сү Куйг хүлээн авч уулзав.
Эх сурвалж: http://www.president.mn/