Тариалангийн бүс нутгаар нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Тариалангийн бүс нутгаар нойтон цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнөөс эхлэн нойтон цас орж, цочир хүйтрэх талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, одоогийн байдлаар Хөвсгөлд цас орж эхэлж байгаа бөгөөд өнөө шөнө Орхон, Сэлэнгийн савд шилжилтийн хурд багатай, өндрийн бага даралтын орон үүсэж байгаагаас маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар их хэмжээний нойтон цас орж, хүйтрэх нөхцөл бүрдэж байгаа ажээ.

Ингэхдээ цаг агаарын урьдчилсан мэдээллээр одоогийн байгаа хэмээс 10 хэмээр буурах юм байна. Тиймээс тариланчид, ногоочдын тариа, ногоо цасанд дарагдах, хураасан ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг албаныхан анхаарууллаа. Түүнчлэн уг хүйтрэлтийн улмаас зарим орон нутгийн нислэгүүд хойшлогдох магадлалтай гэнэ.

Хүйтний улирлын эхлэл болдог нойтон цас, цаашлаад мөстлөгийн улмаас  өмнөх жилүүдэд буюу 2009, 2011 оны есдүгээр сард тариа, ногоо цасанд дарагдаж,  Дархан чиглэлийн өндөр хүчдэлийн шугамууд олноороо унаж, багагүй хэмжээний осол гарч байсан юм.  2009 оны есдүгээр сарын 18-ны шөнө, 19-ний өдөр ургац цасанд дарагдаж, 30 мянган га талбайн ургац хөлдөж байсан ажээ. Харин  энэ зун манай орны газар тариалангийн бүс нутгуудаар бороо хур ихтэй байсан ч дулааны баланс алдагдсанаас тарианы болц удааширч, ургац хураалт төлөвлөсөн хоногоос оройтож эхэлсэн байна.

Тиймээс өнөө шөнөөс эхлэн цочир хүйтрэхтэй холбогдуулан ургац хураалтын ажлыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэхийг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж