
Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон шинэчлэлт хийж менежментийг өөрчлөх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгааг Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Нарантуяа онцлоод асран хүмүүжүүлэх гэсэн нэрнээс бид татгалзмаар байна гэсэн юм. Тэрээр “Хүүхдүүдийн ирээдүй гэгээтэй сайхан байх ёстой гэтэл өсч том болсон ч насан туршдаа “асрахын хүүхэд” гэсэн нийгмээс тусгаарлагдан дуудуулж яваа нь сэтгэл эмзэглүүлж байна. Бид шинэчлэлээ жижиг гэхгүй нэрнээсээ эхлэх хэрэгтэй. Мөн энэ төвд Монголын ирээдүй болсон энэ олон сайхан хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй байхад нь мэргэжлийн чадавхи өндөртэй нийгмийн ажилтан болоод сэтгэл зүйчдийн хувь нэмэр их байх болно. Гэтэл энэ том байгууллагад ганцхан нийгмийн ажилтан байгаад сэтгэл дундуур байна. Бид хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа холбогдох газруудтайгаа нягт хамтран ажилласанаар өнөөгийн төвшинээс өндөрт гарган ажиллахын тулд хичээх болно” гэв.
Үүний дараа Хүүхдийн төлөө гарзын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчтэй ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчлан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Содмандахтай уулзлаа. Энэ үеэр цаашид хамтран ажиллах талаар санаал солилцоод хүүхдийн эрх зөрчигдөж байгаад урьдчилан сэргийлэж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хамгааллын чиглэлээр ажиллах хүсэлтэй буйгаа хэлсэн. Тус тасгаас саяхан аймгуудад “Хүүхдийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхижуулах нь”, “Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулсан тухайгааг танилцуулсан юм.
Харин өнгөрсөн бямба гарагт Хүүхдийн төлөө үндэсний газрынхан Баянгол , Чингэлтэй, Сонгино хайрхан дүүрэг дэх Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгаалах 1,2,3,5 дугаар төвтэй танилцаж байгаа анхан шатныхаа байгууллагуудтай танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа. Төвүүдийн урсгал зардал нэлээд хүнд байдгийг цэгцэлж өгөхийг уулзалтын үеэр ажилтнууд хүсч байлаа. Мөн эдгээр төвүүдэд үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй байгаа талаар дурдсан юм.