1984 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний 29 дэх аваргаар ОХУ-ын Надия Петрова (17) шалгарч, 385 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 900 оноо хүртжээ. Дэд аваргаар өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Польшийн Агнешка Радваньска (3) шалгарлаа. Шигшээ тоглолт өчигдөр болж Надия Петрова эхний сэтийг 6:0-оор өөрийн болгосон байна. Гэсэн ч Радваньска удаах сэтийг 6:1-ээр өөрт авснаар ялагч гурав дахь сэтэд тодрох болж. Сүүлийн сэтэд Петрова 6:3-аар (6:0, 1:6, 6:3) илүүрхэж тус тэмцээний аваргаар шалгарлаа. Надия тус тэмцээнд 17-д эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд шигшээд хүрэхдээ Италийн Сара Эррина (6), Австралийн Саманта Стосур (8) нарын шилдэг теннисчдыг буулган авчээ. Петрова тус тэмцээнд түрүүлснээр энэ жилийн хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Хосын төрөлд өндөр түвшинд тоглодог тэрбээр энэ жилийн “Францын нээлттэй тэмцээн”-ий дэд аваргаар шалгарч, улмаар Лондонгийн олимпоос хүрэл медаль (Мария Кириленко хослон) хүртсэн.
Хосын төрөлд АНУ-ын хосууд тэргүүлж 110 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 900 оноог халаасалсан байна.
WTA, ATP-ийн цуврал болох “China Open-2012” өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид оролцож байна.