Нэгдүгээр сарын халуухан бөгөөд шороон шуургатай нэг өдөр би Ганын нийслэл Аккра хотын захад орших тоймгүй олон жижиг дэлгүүрүүдээр сэлгүүцэв. Тэгтэл аварга биетийн тоглоом гэмээр тод өнгөтэй маш том модон зүйлсийг шилэн хоргоныхоо өмнө өрсөн дэлгүүр анхаарал татав. Орж мэндлээд юун зүйлс болохыг нь сонирхлоо. Тэгсэн “Авснууд” гэж хариулдаг юм байна.
Үүнийг сонсоод би тэнэг хүн шиг хоёр хором хэртэй тэдгээрийг гөлөрч зогсов. Энд түргэн тусламжийн тэрэг, загас, шилэн сав, гутал, завь, ном, ярьдаг утас, төгөлдөр хуур гээд дуурайн хийсэн элдвийн зүйлс байлаа. Худалдагч нь чийрэг биетэй, хар хөх царайтай, байдгаараа инээмсэглэсэн нөхөр байна. “Юун авс вэ” гэж намайг гайхан асуухад “Яагаав, дотор нь хүн оршуулдаг” гэж хөгжилтэйхэн тайлбарлав. Дэлгүүр доторх зүйлс өнгө өнгөөр алаглан байгаа нь миний төсөөлөлд оршуулгын захиргаа гэж нэг л бууж өгөхгүй байв. Ингэтэл гайхан хүлээж авч буйг маань ажигласан худалдагч “Canadian Airline” хэмээх онгоцыг дуурайлган хийсэн авсны дэргэдэх жижиг ширээнд тухлан суухыг урилаа. Годфрид хэмээх энэ залуу авс хийж мэргэшсэн нэгэн ажээ. Шилэн аяганд сармисны дарс хийж өгөөд Ганын оршуулах зан үйлийн талаар гайхалтай түүхийг надад ярьж өгсөн юм. Ер нь бол нэг домгоос гаралтай юм билээ.
Эрт урьд цагт нэгэн хөвүүн мэдээ орсон цагаасаа эхлээд эцгийгээ даган далай тэнгисээс загас агнаж амьдардаг байжээ. Загас агнахын хажуугаар энэ хөвүүн авга ахаасаа мужааны ажлыг хийж сурсан аж. Эцгийг нь нас барахад ойр дотны хүмүүс, төрөл төрөгсөд нь оршуулахаар ирэхэд тэднийг маш гоё хийцтэй далбаат завь угтаж гэнэ. Хүмүүс “Энэ юу вэ” гээд гайхан асуувал хүү “Миний эцэг бүхий л амьдралаа завь дээр өнгөрүүлсэн. Одоо тэр маань өөр ертөнцөд аялж яваа ч загасчилах юмсан гэж хүсч байгаа байх. Тиймээс энэ дотор оршуулбал тэр маань завиараа загасчилж чадна шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Тэр цагаас хойш талийгаачдыг амьддаа эрхэлж байсан ажилд нь тааруулан хийсэн авсанд оршуулах заншил тогтсон ажээ.
Тиймээс өдгөө загасчдыг завь-авсанд, жолооч нарыг машин-авсанд хийж оршуулдаг байна. Мөн зохиолч байсан нэгний авс нь ном, далайн амьтдын худалдааг эрхэлж байсан нэгний авс нь хавч хэлбэртэй байдаг аж. Үхэл бол нөгөө ертөнцөд хүрэх шат, талийгаач энэ шатаар дамжин өвөг дээдэс дээрээ очиж нас барагсдын ертөнцийн эрх тэгш гишүүн нь болох ёстой хэмээн Ганад үздэг юм байна.
Ингэхийн тулд оршуулах зан үйлийг нарийн мөрддөг ажээ. Талийгаачтай салах ёс хийж, уйлж хайлахаасаа өмнө түүний сүнс энэ ертөнцдөө эргэж ирэхийг хүсч байгаа эсэх, сүнс нь биеэс нь бүрэн гарсан эсэхийг шалгах зорилгоор хэсэг хугацаа хүлээзнэдэг байна. Үүний тулд цогцсыг нь суугаа эсвэл хагас хэвтээ байдлаар гэрийнхээ үүдэнд тавиад хэд хоногоор тогтохгүй, бүр хэдэн сарын турш дэргэд нь анхилуун өвс баагиулан байлгадаг гэнэ.
“Жинхэнэ” талийгаач гэдэгт эргэлзэх зүйлгүй болсон үед дараах зан үйлийг хийж гүйцэтгэдэг ажээ. Ганад вуду шашин өргөн дэлгэр тархсан байдаг тул талийгаачийн гэр бүлийнхэн сүнсийг нь муу ёрын сүнснүүдээс хамгаалах зорилгоор хунган хэмээх вуду шашны бөөг дуудаж ирүүлдэг байна. Хунган хүрч ирээд цогцсыг бүтээсэн даавууг сөхөн доогуур нь шургана. Хэнгэрэг дамар цохингоо маань уншиж дууссаны дараа цогцсыг чанга тэврээд сүнсийг нь гаргаад тусгай саванд хийх зан үйлддэг ажээ. Талийгаач сүнснээсээ салахдаа зарим тохиолдолд толгойгоо гэдийлгэн амаа ангайлгадаг гэж вуду ёсонд үздэг юм байна. Ингээд саванд хийсэн сүнсийг нь зөвхөн ойрын төрлүүдэд нь хүлээлгэж өгдөг ажээ. Харин вуду шашны илбэчинд өгөхийг хатуу хориглодог. Учир нь тэд нас барсан хүнийг зомби болгох чадвартай гэнэ. Ингээд сүнс нь баттай явсан эсэхийг шалгах үүднээс цогцсыг “байцаадаг” ажээ. Өөрөөр хэлбэл, хунган томхон биетэй хоёр эрийг сонгож аваад мөрөн дээр нь авсыг үүрүүлсний дараа тусгай хэдэн маань мэгзмээ уншиж, оршуулгын дууг эхлүүлнэ. Оршуулах үйлд оролцож буй бүх хүн тэрхүү дууг нь гунигтайгаар түрж дуулна. Тэгтэл авсыг үүрээд зогсч буй хүмүүс гэнэт салгалж чичрэн, дороо үсэрч дэвхцэн тосгоныг тойрон гүйж эхэлдэг аж. Ийн гүйж явахдаа залуус гэнэт зогтусан хэн нэгний өмнө зогсвол энэ хүн талийгаачийн сүнсийг хулгайлсанд тооцогддог гэнэ…
Талийгаачийг тосгоны ойролцоо модны сүүдэрт оршуулдаг бөгөөд өргөстэй шургаагаар тойруулан хүрээлдэг аж. Шургааг дээр гол төлөв шашны туг дарцаг эсвэл амьтдын гавал, соёо, яс зэргийг өлгөсөн байдаг. Оршуулгын зан үйлийг тусгай бүжиг бүжих, дуу дуулах, шүлэг унших зан үйлээр эхлүүлдэг аж. Талийгаачийг хөдөөлүүлснээс хойш долоо хоногийн турш ойр дотны хүмүүс нь салах ёс хийдэг гэнэ. Харин нэг сар өнгөрсний дараа оршуулах үйлд оролцож байсан хүмүүс эргэж цуглан шарил дээр нь ирж “багаж цэвэрлэх” үйлийг хийдэг байна. Тодруулбал, тэд шарил дээр ирэхдээ шар айраг авчирдаг бөгөөд түүгээрээ оршуулгын ажилд ашигласан багажуудаа цэвэрлэдэг гэнэ. Ганачууд шар айргийг эмчилгээний ач холбогдолтой гэж үздэг. Тэр бүү хэл, амьдралыг тэтгэгч ундаа гэж дээдэлдэг учир тосгоны багачуудад хүртэл хүртээдэг юм билээ.
Нас барснаас нь нэг жилийн дараа талийгаачийн сүнсийг дуудах үйлийг хийнэ. Гэхдээ энэхүү үйлийг талийгаачийн эхнэрт (нөхөрт) зориулан явуулдаг бөгөөд талийгаачийн төрөл төрөгсөд баярын маш том арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ цагаас эхлээд бэлэвсэрсэн эхнэр (нөхөр) нь өөр хүнтэй гэр бүл болох эрхтэй болж, ойрын хүмүүс нь талийгаачийн хөрөнгийг хуваан авцгаадаг ажээ.
Ганад оршуулах зан үйл маш чухал ач холбогдолтой гэнэ. Учир нь уг зан үйлийг хэрхэн гүйцэтгэснээс хамааран нөгөө ертөнцөд талийгаач ямар байр суурь эзлэх нь шалтгаалдаг гэж үздэг байна. Эсвэл эсрэгээрээ төрөл төрөгсөд нь өнөөдөр хэр сайн сайхан явж буй нь талийгаачийн оршуулах зан үйлээс шалтгаална гэх нь ч бий. Иймээс тэд оршуулгын ёслолыг тансаг хийж өнгөрүүлэхийн тулд аль болох их мөнгө хураахыг хичээдэг ажээ.
Гэвч оршуулах зан үйл санаанд оромгүй явдлуудыг араасаа дагуулж байна. Ганын эдийн засаг эрчимтэй хөгжиж буйгийн хэрээр тосгоны оршин суугчид хотод суурьших нь элбэгшжээ. Гэтэл ганачууд талийгаачийг төрсөн нутаг усанд нь оршуулах ёстой гэдэгт сүслэн итгэдэг тул дөнгөж хотод суурьшаад байгаа иргэд талийгаачийг оршуулахын тулд төрсөн нутгаа зорих гэсэндээ урт бөгөөд аюултай аян замыг туулах шаардлагатай болжээ. Африк орнуудын замууд муу гэж нөхцөлгүй. Маляри, сүрьеэтэй харьцуулахад замын осол аваараар амь үрэгдсэн хүний тоо илүү олон байдаг. Тэр дундаа оршуулгын ажилд явж байсан хүмүүс осолд орох нь элбэг. Хүмүүс амиа алдах нь ч бий.
Оршуулах ажилд оролцох гэж байгаа хүмүүс өөрөөсөө гадна авс, өчнөөн багаж хэрэгслээр автобусыг дүүргээд урт аянд гардаг байна. Урт зам туулахдаа жолооч нар маш их ядардаг тул анхаарал нь сарнидаг аж. Үүнээс гадна жолооч нар машин барьж явахдаа архи уух нь цөөнгүй. Орон нутгийн сонинуудад оршуулгын ажилд явж байсан бүхэл бүтэн нэг ургийнхан осолд орж амиа алдсан талаар байнга мэдээлдэг.
Годфрид бид хоёрыг ийн ярилцаж суутал гуниг тээсэн хэсэг хүн авс худалдан авахаар орж ирэв. Тэдний захиалсан авс нь “Кока-Кола” ундааны шил шиг. Магадгүй, талийгаач нь ундаа зардаг хүн байсан бололтой. Эдгээр хүн модон “Кока-Кола”-г барьж үзэн мужааны ур чадварыг шагшран зогсоцгоож байв.
Би тэд нарт саад болохыг хүсээгүй тул чимээгүйхэн гарч одлоо. Тэгээд дэлгүүрийг гаднаас нь ахин нэг хараад “Хэрэв би Ганад үхчихвэл намайг аялагч байсан гээд луужингийн хэлбэртэй авсанд оршуулах байх даа” гэсэн бодол төрөв. Хачирхалтай нь, энэ бодолдоо би огт гунигласангүй. Харин ч дотор онгойгоод хөгжилтэй санагдаад явчихав. Би инээмсэглэсэн чигтээ Гвинейн буланг чиглэх гудамжаар алхлаа. Хөхрөн униартах алсад загасчдын завины далбаа цайран харагдаж байлаа.
PS: Москвад ирмэгцээ шуудангийн хайрцгаа нээвэл Годфридээс захидал ирсэн байв. Тэрбээр захидалдаа миний биеийг болон гэртээ хэрхэн харьсан талаар лавласан байлаа. Захидлыг “God bless you” гэсэн үгсээр төгсгөөд дор нь “God” гэсэн гарын үсгийг тавьсан байв.