Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхүй

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхүй

Эрүүл мэндгүй бол Монгол хүнгүй болно. Монгол хүнгүй бол эд баялаг хэнд ч хэрэггүй. Иймд улсын маань гол баялаг болсон эрүүл Монгол хүний төлөө төр засаг тэмцэх ёстой. Иймээс Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын бүх шатанд шинэчлэл-өөрчлөлт хийж сайжруулах нэн шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус гэх үү (академич агсан Б.Жавын хэлдгээр) тоглоомын сайдууд намын харьяаллаар томилогдож нэлээд бужигнуулж энэхүү эмзэг салбарт тодорхой өөрчлөлт, шинэчлэл хийсэнгүйг иргэд, эмнэлгийн эмч, ажилчид удаа дараа хэвлэл мэдээллээр шүүмжилж, санал бодлоо илэрхийлж байсан. Гэвч нэг олигтой зохицуулалт ч хийгдсэнгүй, үйл ажиллагааны үзүүлэлтүүд чанарын ахиц ч гараагүй гэж хүмүүсийн яриад байгаатай санал нэг байдаг.

Эрүүл мэндийн салбарын бүх шатанд хүнд суртал, мэргэжлийн хоцрогдол, авилга, гар, мөнгө нүүр харах, албан тушаал горилох, ёс суртахууны доголдол,чирэгдүүлэлт, өвчний онош эмчилгээнд зөв, дайчин шуурхай ханддаггүй, ар өврийн хаалга гэх зэрэг дутагдал доголдол хавтгайрч байгааг иргэд ярьдаг, ярьсаар ч байна. Хүний амь настай  холбогдсон хохирогчдын санал гомдол ч тасрахгүй гарсаар байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичдэг. Сүүлийн үед анагаахын сургууль төгссөн зарим эмч нарын мэргэжлийн  чадамж сул, практик дадлага хангалтгүй,  хатуухан хэлэхэд өвчний түүхийн клиникийн түүвэр  олигтой гаргаж бичиж чадахгүй, “патогенез” эмчилгээг бүрдүүлэхгүй, шинж тэмдгийн эмчилгээг  илүү барих дутагдал байсаар байгаа нь нууц биш.  

Эрүүл мэндийн салбар ялангуяа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг өрхийн эмнэлэг-нөхөрлөлийн диспансерийн хяналт, эрүүлжүүлэх үйл ажиллагааны үзүүлэлт
шаардлага хангахгүй байна. Тэдгээрийн материаллаг бааз, онош эмчилгээний төхөөрөмж хангалт муутай, үндсэндээ эмчийн гагнуур, цусны даралтын аппарат, халууны шилнээс өөр юм алга байна.

Улсын хэмжээнд халдварт өвчин, шинээр ба сэргэж байгаа халдварт өвчин олигтой буурахгүй, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчний нийт халдварт өвчний дотор эзлэх хувь өндөр, гэдэсний халдвар, элэгний үрэвсэл, нэмэгдэлтэй ДОХ одоо 100 гаруй тохиолдолд хүрч, цаана нь илрээгүйг тогтоох аргагүй болсон байна.

Ер нь бүх нийтийг хамарсан урьдчилан сэргийлэлт, эмчилгээг тогтмол хийж,Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хатуу мөрдөж ажиллавал халдварт өвчин
бууна гэдгийг 2003 оны мэргэжил арга барилын зохион байгуулалт-статистикээс харахад илүүдэхгүй болов уу.

Нөгөө талаар халдварт бус архаг өвчнийг тууштай бууруулахыг анхаарах ёстой.
Нялхсын нас баралт, хүйн халдвар, эхийн эндэгдэл гарсаар эхчүүдийн төрөх тусламжийн нөхцөл, барилга байгууламж, ор дэрний хангамж хангалтгүй, ерөнхийдөө эхчүүдийн төрөх тусламжийн мэргэжил, арга барил, зохион байгуулалтын зохицуулалт, бүтэц, уялдаа холбоо, хяналт шаардлага хангахгүй  байна. Үүнийг Эрүүл мэндийн яам, аймаг хотын эрүүл мэндийн газар онцгой анхаарч ажиллаж эрс сайжруулах шаардлагатай.  

Саяхан “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт телемедициний үндэсний сүлжээний төвийн даргын “Монгол хүний эрүүл мэнд хэрхэх вэ” гэсэн нийтлэлд манай эрүүл мэндийн  салбарын ил, далд байгаа  дутагдал, доголдлыг маш зөв тодорхойлж бичсэнтэй  санал нэг байна.

Ер нь эрүүл мэндийн салбарын дээд удирдлагаас эхлээд эмнэлэг, төв ялангуяа нэгдсэн болон улсын чанартай томоохон клиникийн эмнэлгүүдийн бүтцийн тогтолцоог боловсронгуй болгож чадваржуулах нь чухал. Оносон мэргэжлийн хүмүүсийг шилж сонгох, чадалтай зохион байгуулагчид, өндөр мэргэжлийн эмч, эрдмийн зэрэг цолтой гавьяат нарыг түшиглэж ажилладаг гадаадын улс орон түүнчлэн ОХУ-ын эмнэлгүүдийн салбарын зохион байгуулалтын туршлагаас суралцахад илүүц биш.

Манайд анагаахын их дээд сургуулийг төгссөн зарим залуу эмч нарт ажлын байр тэр бүр олдохүй байна. Танил тал, мөнгөгүйгээсээ болж гадаад улс оронд явах, цагаачлах, тэр ч атугай БНХАУ-ын Эрээн хотын захаас наймаа ч гэх үү, бизнес ч гэх  үү дипломоо өвөртөлсөн эмч нар бишгүй тааралддаг шүү дээ. Энэ бол манай  салбарын бодлого төлөвлөлтийн хоцрогдол гэхээс өөр аргагүй юм. Бас нэг зүйлийг  онцлоход манай эмнэлгүүдэд ялангуяа Улаанбаатар хотын зарим эмнэлэгт өвчилсөн ядуу, мөнгөгүй, ажилгүй, тэтгэвэрт байгаа  хүн хэвтэж эмчлүүлэхэд чирэгдэл хүндрэл ихтэй. Олон хоног, заримдаа сар  шахам хоног хүлээдэг, шинжилгээ хийлгэх гэж
хугацаа алддаг. Гэтэл дээгүүр ажилтай гэх үү, өнгө мөнгөтэй, эмч, дарга нарын танилууд тун ч төвөггүй, чирэгдэлгүйхэн хэвтээд амждаг нь ч нууц биш.

Хүмүүсийн яриад, гомдлоод байдаг нь үнэн энд байгаа юм. Бас нэг анхаарч, зөв зохицуулууштай асуудал бол бүгд шахам хувьчлагдсан эмийн сангуудын үйл ажиллагаанд мэргэжлийн хатуу хяналт тавьж зөв гольдрилд нь оруулууштай.

ЭМЯ-нд Эмийн хэлтэс гэж байдаг. Өөрөөр хэлбэл эмийн сангуудад мэргэжлийн хяналт алдагдсан, үндсэндээ мах, будаа гурилын худалдааны арилжаатай адил болсон гэдэгтэй санал нэг байна. Эмийн сангуудад ижил үйлчилгээтэй эмүүд өөр, өөр үнэтэй байна. Жишээ нь цефазолин гэдэг эм нэг газар 1250 төгрөг байхад нөгөө санд 1500 төгрөг, адельфон гэдэг эм эмийн сан болгонд өөр өөр үнэтэй гэх мэт. Эмчийн бичсэн жороор өгөх эмийг наймааны журмаар худалдаж байх жишээтэй.

Ер нь эм маш өндөр үнэтэй байна. Зарим тохиолдолд эмчилгээнээс хасагдсан эм зарагдаж байгааг мэргэжлийн хүмүүс эрх анзаарч хянаж байгаа болов уу. Эмийн зохистой хэрэглээ алдагдаж, эмнээс болсон хордлого гарсаар байна. Ер нь эмийн сангуудын эмийн үнийг хаанаас хэн зохицуулж байдаг юм бол. Энэ асуудлыг ЭМЯ бодлого  болгож анхаарах цаг болсон. Энэ мэтчилэн олон арван дутагдал доголдол байгааг алийг хэлж, ярьж, бичиж барах вэ.

Харин саяхан мэргэжлийн эмч, анагаахын шинжлэх  ухааны доктор, дээд, дунд, доод бүх шатанд ажилласан  туршлагатай нэлээд боломжийн хүн Эрүүл  мэндийн сайдаар  томилогдсоныг миний хувьд бусад хүмүүсийн  нэгэн адил тааламжтай хүлээн авч байгаа юм. Гэхдээ ямар өөрчлөлт шинэчлэлт хийж, дутагдал доголдлыг засаж сайжруулах эсэх нь аяндаа харагдаж мэдрэгдэх байх. Юуны өмнө эрүүл мэндийн бүх шатанд шинэчлэлт хийх, өөрчлөх, хариуцлагын тогтолцоо, бүтцийг сайжруулж, хамтран ажиллах багаа зөв бүрдүүлэх ёстой. Ялангуяа ахмад, дунд, залуу үеийн мэргэжлийн холбоог уялдуулах, ахмадын туршлага, залуучуудын эрч хүчээр ажиллах, анхан шатны болон хоёр, гурав дахь шатлалтын эмнэлгийн тусламжийн зааг ялгааг нарийн тогтоож, үйлчлүүлэгчдийн чирэгдэл зовлонг арилгахад онцгой
анхаарч ажиллах нь нэн чухал болоод байна.

Тэрчлэн нэг ажилд тухайлбал удирдах албанд олон жил сууж байгаа боловч олигтойхон өөрчлөлт шинэчлэлт хийхгүй, хийж чадахгүй болсон, нэр хүнд муутай, өмч хөрөнгийн, авилгын асуудалтай гэх үү, тийм хүмүүстэй хийх хариуцлагын тогтолцоог сайжруулахад анхаарах ёстой.

Эцэст нь ЭМЯ-ны шинэ удирдлагууд цаашид “Эрүүл монгол хүн-2020” хөтөлбөрт орсон дэд хөтөлбөрүүдтэй танилцаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт (2012-2016) тусгах, салбарынхаа шинэчлэлийг цаг алдалгүй эхлэхийг салбарынхан болон олон нийт хүлээж байна.

Эрүүл мэндийн болон Даатгалын хуулийг хүн амын эрүүл мэндэд шууд ашигтай байдлаар нөлөөлөхөөр дахин боловсронгуй болгох, бодлого боловсруулахыг зорилт болговол зохино. Энэ удаа Эрүүл мэндийн салбарт байгаа зарим дутагдал, доголдлыг товчхон бичиж, цаг алдалгүй засах, сайжруулбал зохистой болов уу гэсэн сэтгэлээр асуудлыг зөвхөн өнгөц талаас мэдэрч нийтлүүллээ. Уншигч Та бүхэн цаашид эрүүл мэндийн салбарыг сайжруулахад бодитой санал зөвлөмжөө нэмэрлэх биз.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич Д.Бат-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж