Тухайн үеийн нийслэлд давхар байшин хуруу дарам цөөн байсан аж. Усны гудамж, барааны зах гээд эсгий хот хэвээр байсан үе. Тэр үед Ерөнхий сайд X.Чойбалсан гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт нэг жижигхэн байшинд амьдарч байж. Тэрээр үе, үеийн удирдагчдад зориулан сайхан барилгатай болъё гэсэн санаагаар хотын төвд ийнхүү хоёр давхар байшин барихаар болжээ.
Гадна тал нь европ маягийн, дотор тал нь үндэсний хэлбэртэй байвал зүгээр хэмээн Маршалын зөвлөсний дагуу 1943 онд Дотоод явдлын яамны Барилгын хэрэг эрхлэх газар ажиллаж байсан архитектор Н.М. Шепетильников, инженер Гуривеч, Лхамжав нар барилгын ажлыг гардан хийсэн гэдэг. Харин барилгын хар бор ажлыг тухайн үед “хувьсгалын эсэргүү” хэмээн баригдсан лам нар хийжээ.
Маршалын хэлсэнчилэн үе, үеийн дарга нарын амьдрах ордонд тухайн үеийн урдаа барьдаг Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, Д.Чойдог, О.Цэвэгжав, Д.Лувсанжамц, С.Чойбол, Н.Жамбаа, Б.Гэлэгдандар нарын зураач, уран гартнуудын ур ухаан, хөдөлмөр шингэсэн гэдэг. Мэргэжлийнхэн эл ордны чимэглэлийн хийцийг давтагдашгүй болсон хэмээн үнэлдэг юм билээ.
Нэгдүгээр давхартаа цайллагын танхим, хүлээлгийн болон харуулын өрөө, хоёрдугаар давхартаа бичгийн өрөө, номын сан, Нарийн бичгийн даргын тасалгаа, хоолны бага танхим, унтлагын болон хүүхдийн өрөөнөөс бүтжээ. Тухайн үед Маршал, “Та нар насны юм хийнэ шүү надаас хойш Монголын төрийн тэргүүн нар амьдарна” хэмээн ханын өнгө, будаг хээг голж хэд, хэдэн удаа өөрчлүүлсэн гэдэг.
Будаг тогтоох нарийн цавууг Энэтхэгт захиалан ЗХУ-аар дамжуулан авчруулж байснаас үзэхэд Маршал энд нэлээн хөрөнгө, сэтгэл тавьсныг илтгэх. Барилгын засал чимэглэл хийсэн хүмүүс Маршалын захисанчилан үндэсний хээ угалзаар чимж гол шатны харалдаах хананд малчин ардын жилийн дөрвөн улирлын ахуй амьдралыг харуулсан уран зургийг байрлуулжээ. Шат болон үүдний хэсгийг боржин гантигаар засаж өнгөлсөн аж.
Маршал амралтын өрөөгөө хээ, угалзаар чимсэн мебель тавилгыг Эстонид захиалгаар хийлгэн тохижуулсан гэдэг. Түүнчлэн төрт ёс, дэг жаягийн дагуу байшингийн дөрвөн зүгт тэлсэн хөшөө барьж, гол хаалганы хоёр талд чулуун арсланг байрлуулжээ. Урд, хойд талд нь усан оргилуур барьж, бөх, анчин, саальчны баримлыг цогцлоон хашаандаа зулзаган мод суулгаж цэцэрлэгжүүлсэн аж.
Хашааны гаднах хаалган дээрээ дайчдын сэлэм, жад, хуяг, бамбааны дүрсийг товойлгон хийж, төмөр хайсыг алхан, өлзий хээгээр урласан нь монгол ахуйг илтгэх гэсэн санаа байж. Харин байшингийн хойд талд янзаганы хамт хэвтэж буй гөрөөсний баримал байрлуулж, төрөл бүрийн ургамал бүхий хүлэмжээр гоёсныг дараа нь төв зам барихад нураасан гэдэг.
Ийнхүү их хүч хөдөлмөр шингээн байж цогцлоосон барилга 1946 онд ашиглалтад орсон бөгөөд энэ үеэр Маршал хэлэхдээ, "Миний зориглон бариулсан энэ өргөө зөвхөн миний өмч биш, Монголын өмч юм. Үе үеийн төрийн тэргүүн энд амьдрах болно” гэсэн гэдэг. Тэрээр энэ бариулсан ордондоо таван жил л амьдраад таалал төгсчээ. Маршал өргөөнийхөө дээд давхарт улс төр, уран зохиол, шинжлэх ухаан, цэрэг дайны холбогдолтой номоор баяжуулсан номын сантай байсан аж.
Харин доод давхартаа тэрээр цэрэг, дайны холбогдолтой орос кино их үздэг байсныг эх сурвалжууд өгүүлсэн байдаг. Түүнийг өөд болсны дараа буюу 1953 онд уг өргөөнд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын үйл хэрэг, амьдралыг харуулсан гэрэл, зураг, түүхэн баримтуудаар музей байгуулсан бөгөөд энд Маршалын номын сан, гаp бичмэл, бичгийн үнэт чулуун хэрэгсэл гээд эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг үзмэр болгон дэлгэжээ.
1961 оноос тус байрыг НАХЯ-ны мэдэлд шилжүүлэн гадаадын өндөр хэмжээний зочид, төлөөлөгчдийг хүлээн авах өргөө болгон өөрчилжээ. Эл өргөөнд гадны томчуудаас Кубын хувьсгалт Зэвсэгт хүчний яамны сайд генерал Раул Кастро, Энэтхэгийн Ерөнхийсайд В.Гандийн гэргий Соня Ганди, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер нарын хүмүүс саатан морилж монгол урчуудын нарийн ухааныг шагшин магтаж байсан гэдэг.
Анх зургаан өрөөтэй айл амьдрах зориулалттай эл өргөөнд 1986 онд өргөтгөл хийн 20 гаруй тасалгааг нэмжээ. Түүнээс хойш дөрвөн удаагийн их, бага урсгал засварт орсон байна. 1990 он хүртэл НАХЯ-ны III газрын харъяанд явсан эл барилга 1990 оноос хойш Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газарт, 1996 оноос Төрийн тусгай хамгаалалтын газарт харъяалагдсаар ирлээ.
Түүхийн улбаатай 30 дугаар байр ийнхүү үеийн үед хувьсан өөрчлөгдөлгүй хүрээнийхээ хэв маягийг цогцлоон шинэ зууны барилгууд дунд үеэ өнгөөрөлгүй чанар чансаагаа гайхуулан байх