Үүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь том давалгааг хууль зүйн салбарт эхлүүлээд байна. Өмнө нь 2002 оноос эрх зүйн салбарын эхний шинэчлэлийг эхлүүлсэн ч Эрүүгийн хууль болон бусад цөөн тооны хуульд өөрчлөлт оруулснаар энэ шинэчлэл зогссон юм. Тухайн үед манайд ажиллаж байсан АНУ-ын хөгжлийн агентлаг болон бусад донор байгууллагуудын шугамаар дээрх хуулиудын араас дагаж өөрчлөгдөх ёстой олон хуулиуд боловсруулагдаад байсан хэдий ч тухайн үед эрх барьж байсан улс төрийн хүчин, салбарын сайд нь “Ийм том хэмжээний шинэтгэлийг хийх нийгмийн хөрс суурь бүрдэээгүй, энэ салбарт ажиллаж байсан боловсон хүчний нөөц бололцоо хангалтгүй” гэсэн шалтгаанаар шинэчлэлийн үйл ажиллагаа бүрэн зогссон билээ. Тиймээс арван жил зогсоод байсан энэ шинэчлэлийн хоёр дахь давалгааг эхлүүлж байгаагаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль зүйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн гаднын донор байгууллагуудтай хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдлээ.
Өнгөрсөн баасан гаригт Нүхт цогцолборт болсон уг уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйнш шинэ сайд өмнө нь яамныхаа харьяа агентлагуудын удирдлагууд, хараат бус хуульчид болон иргэдэд танилцуулсан “Хууль зүйй салбарт хийх шинэчлэлийн бодлого”, энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тус яамны бүтэц зохион байгуулалтад оруулсан өөрчлөлт, шинээр хийгдсэн томоохон томилгоо, боловсон хүчний шинэчлэлээ танилцууллаа. Мөн энэ салбарт мөрдөж байгаа бүх хууль тогтоомжид хүний эрхийн мониторинг хийж, хуулийн давхцал болон хийдлийг судалж эхлээд байгаа юм байна.
Тухайлбал, Монголд хууль хүн бүрт тэгш үйлчлэхгүй байна, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй мөртлөө жирийн иргэд үйлдсэн өчүүхэн хэргийнхээ төлөө хэдэн арван жилээр хорих ял авдаг гэсэн шүүмжлэл түгээмэл байлдаг. Хүүхдээ хоолгүй хонуулахгүйн төлөө арван мянган төгрөг хулайлсан ядарсан эмэгтэй, гар утас хулгайлсныхаа төлөө насанд хүрээгүй хүүхэд арван жилийн хорих ял авч байхад төсвийн мөнгөнөөс хэдэн арван тэрбүмаар нь хулгайлсан албан тушаалтнууд ял завшаад өнгөрдөг гэх мэтчилэн. Үүнийг Хууль зүйн сайд Захиргааны хариуцлагын тухай хууль болон Эрүүгийн хуулийн давхцалтай холбон тайлбарласан юм. Энэ хоёр хуульд яг адилхан нэг хэргийг хоёр өөр зүйл ангиар зүйлчилсэн байдаг учир эрх мэдэлд ойр албан тушаалтнууд, хөрөнгө чинээтэй хүмүүс нийгэмд дуулиан дагуулсан том том хэрэгт шалгагдсан ч эцэст нь захиргааны хариуцлага хүлээсэн нэрээр торгууль төлөөд өнгөрдөг бол жирийн иргэд Эрүүгийн хуулийн хатуу зүйлчлэлээр ял сонсох нь элбэг байдаг аж.
Тиймээс энэ хоёр хуулийн давхардлыг арилгах, нийгэмд хохирол багатай хөнгөвтөр хэргүүд болон анх удаа үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр ялын бодлогыг хөнгөвчлөх, ялын олон төрлийг бий болгох, хорих ялаас аль болох зайлсхийх шаардлагатай болсныг тэр онцоллоо. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэг, байгаль орчны гэмт хэрэг, соёлын өвийн эсрэг гэмт хэргүүдийн зүйлчлэлийг шинээр бий болгож, хариуцлагыг чангатгах хэрэгтэй болсныг сайд ярьж байна. Түүнчлэн хууль эрх зүйн салбарт хийгдэх шинэчлэлтэй холбоотойгоор боловсон хүчний бодлого, хууль зүйн боловсролын асуудалд бас шинэчлэл хийх цаг болсныг тэр мөн сануулав.
Одоогоор хуульч бэлтгэж байгаа их, дээд сургуулуиуд тухайн хүнд дипломын боловсрол олгож чадаж байгаа ч хууль мэргэжлийн боловсролыг олгож чадахгүй байгаа гэнэ. Тиймээс өнгөрсөн 20 жилийн хугацаанд Боловсролын яаманд харьяалуулж ирсэн хууль зүйн боловсролын асуудлыг шилжилтийн тодорхой хугацаанд Хууль зүйн яам өөрсдийн бодлогод харьяалуулж, шинэ шатанд гаргах хэрэгтэй болсон байна гэсв. Одоогоор хууль зүйн боловсролыг арай дөнгүүр түвшинд олгож байгаа нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль. Тиймээс яамныхаа шинэ томилгоог хийхдээ дотооддоо МУИС төгсөж, барууны хөгжилтэй орнуудад мастер, доктор хамгаалсан хүмүүсээр баг бүрдүүлжээ.
Харин өнгөрсөн баасан гаригт Нүхт цогцолборт зохион байгуулсан дээрх уулзалт нь өнгөрсөн хугацаанд Монголын хууль зүйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа шинжилгээ хийж ирсэн донор байгууллагуудын чадавхийг эрх зүйн салбарт хийгдэх хоёр дахь шинэчлэлийн ажилд хэрхэн татан оруулах, хамтран ажиллах тухай байсан юм. Уулзалт хэрэлэлцүүлэгт 1993 оноос эхлэн Монголд ажиллаж, эрх зүйн сургалт сурталчилгаанд зориулсан олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн Ханс Зайделийн сан болон Азийн хөгжлийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Европын сэргээн босголтын банк, Олон улсын санхүүгийн корпараци, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мянганы сорилтын корпараци, Нээлттэй нийгэм форум, Швецарийн олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхий банк зэрэг донор байгууллагууд оролцон “Эрх зүйн салбарын төсөл хөтөлбөрүүд, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулан цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.