Дуучин Лхамаа эргэн тайзнаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Дуучин Лхамаа эргэн тайзнаа ирлээ

“River Sound” клубт өчигдөр дуучин Д.Лхамаагийн жазз блюз хандивын тоглолт боллоо. Тэрбээр “JCI” Монголын “UB Central” салбар байгууллагатай хамтран 5 настай Б.Номуундалай охины эмчилгээнд зориулан ийнхүү хандивын тоглолтоо хийсэн юм.  Дуучин Лхамаагийн олонд танигдсан болон багагүй хугацаагаар завсарласан шинэхэн уран бүтээлүүд энэ үдэш фэнүүдийнх нь сонорыг мялааж, поп урлагт элэгтэй хүн нэг бүрийн сэтгэлийн хандив 5 настай Номуундалай охинд амьдрал бэлэглэх буянт үйлст зориулагдсан юм.

“JCI” байгууллага нь нийгмийн зорилтот бүлэг болох залуучуудад нээлттэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаад тархи, зүрх, нуруу нугасны хүнд гэмтэлтэй бяцхан охинд эрүүл амьдрал бэлэглэх үйлст гар сунгаж, дуу хоолойгоо нэгтгэж байна.

Хүнд өвчтэй тэмцэж байгаа Номуундалай охины эмчилгээнд зориулсан энэ удаагийн хандивын тоглолт орос, англи, монгол дуу бүхий гурван хэсгээс бүрдсэн бөгөөд 1990-ээд онд рок попын тайзнаа хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө фенүүдээ байлдан дагуулж явсан дуучин Лхамаа хэсэг хугацаанд завсарласны дараа тайзнаа дахин гарч, хүмүүнлэгийн үйлст гар сунгасан нь фенүүдийг нь баярлуулсан юм.

Ингээд тоглолтын дараа дуучин Д.Лхамаатай цөөн хором ярилцлаа.

-Дуучин Лхамааг эргэн тайзнаа харах сайхан байлаа?

-Тоглолт маш сайхан болж өнгөрлөө. Маш халуун дулаан уур амьсгалтай байлаа. Яагаад гэвэл буяны, хүмүүнлэгийн юм гэдэг чинь өөрөө цаанаасаа ийм сайхан энергийг би болгож байдаг зүйл юм байна. Олон  хүн цуглалаа. Намайг дуулаасай гэсэн хүлээлт тэдний дунд байдаг гэдгийг би энэ үдшээс харлаа. Үнэхээр хүмүүс сэтгэл санаа өндөр байх шиг байна. Ийм сайхан тоглолт тавьсандаа баяртай, аз жаргалтай, өөрөө их сэтгэл хангалуун байна.

-Үзэгчдийн дунд яах аргагүй хүлээлт байсан. Харин таньд эргээд тайзнаа гаран тэдэнтэй уулзах мөчид ямар сэтгэгдэл төрж байв аа?

-Эхэндээ би жаахан сандарч байлаа. Учир нь тайзнаа дуулаагүй удчихсан байсан шүү дээ. Гэхдээ би бол дуунаасаа ер хөндийрдөггүй. Гэртээ байнга дуулж, гамм уншиж байдаг. Хамгийн гол нь дуундаа, дуулалтандаа их анхаарч байлаа. Ер нь үзэгчид маш халуун хүлээж авсан. Би ийм байна гэж ерөөсөө бодоогүй. Тэгэхээр би цаашид дуулж, уран бүтээлээ хийх ёстой юм гэдгээ үзэгчдээсээ мэдэрлээ.

-Тэгвэл цаашдаа тайзнаа дуулах нь ээ?

-Ер нь бол амьд хөгжмийн хамтлагтай дуулж байгаа. Тэдэнтэйгээ цаашид уран бүтээлээ хийгээд дуулаад явна аа.

-Олон сайхан дуунууд энэ л тайзнаа амьд хөгжмийн хамтлаг, оркестортой эгшиглэлээ?

-Энэ үдэш Номуундалай охиндоо зориулаад 21 дарь эхтэй уялдуулаад 21 дуу дуулсан байгаа. Үүнд миний өөрийн хуучин дуунууд болон шинэ хоёр уран бүтээл маань багтсан. Хэдийгээр хоёр шинэ дуугаа хоолойны бичлэгт орж бичүүлээгүй ч энэ үдшийн зочид анхны сонсогчид нь болсон. Мөн дэлхийд хит болсон англи дуу, гайхамшигтай орос дуунууд дуулагдлаа. Амьд хөгжим, камерны оркестортой дууллаа. Мотив хамтлагтай нэгэн сайхан англи дуу дууллаа.

-Шинэ хоёр уран бүтээлээ товч танилцуулахгүй юу?

-Жазз, ритмтэй хайрын тухай, өмөрмөц сэдэвтэй дуунууд. Жааз дуу нь нэлээд эротик сэдэвтэй “Өнгөрсөн шөнө чиний өвөрт” гэдэг нэртэй. Харин ритмтэй дуу нь их өмөрмөц дуу “Уучлаарай би завгүй” гээд шинэ дуунуудаа дэлгэлээ.

-Та үнэхээр “Уучлаарай завгүй байгаа юу”?

-Заримдаа завтай. /инээв/

-Жазз дуугаар тань хүмүүс таныг андахгүй?

-Монголчууд жазз хөгжмийг маш ихээр сонирхдог болно гэдэгт би итгэлтэй байна. Тийм учраас жазз дуунууд хийж байх болно. Урлаг түрүүлж явж байх ёстой. Урлаг ард түмнийг хүмүүжүүлдэг, тэдэнд үлгэр жишээ болон ихийг зааж өгч явдаг.

-Өнөөдрийн хандивын тоглолтын эзэнтэй анх хэрхэн холбогдсон бол?

-Би анх онлайнаар Б.Номуундалай охины зарыг харсан л даа. “Хэрэв би ярьдагсан бол аав дээрээ гүйж очоод аав аа гэж дуудахсан. Хэрэв би явдагсан бол ээж дээрээ гүйгээд очихсон” гэсэн өгүүлэмжтэй дор нь насаа бичсэн байхыг хараад үнэхээр сэтгэл эмтрэн энэ охинд туслах юмсан гэж бодоод явж байтал “JCI”-ынхан надад санал тавьсан. Ийм хүмүүнлэгийн тоглолт хийе гээд Номуундалай охины тухай дуулгасан. Тэгээд бид нар энэ охиноо санхүүжүүлэн орлогоороо дэмжье гээд санал нэгдсэн.

-Та Номуундалай охинтой уулзсан уу?

-Би охиноо бол нэг ч хараагүй л байна. Өнөөдрийн хандивын тоглолтод аав, ээж нь ирсэн. Бид олсон орлогоо тэдэнд гардуулж өглөө. Хамгийн гол нь энд цугласан хүн бүр сэтгэл хангалуун байсан. Өнөөдөр энэ үдэш ирсэн зочид маань Номуундалай охиндоо санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, амралтын өдрийн үдшийг надтай хамт сайхан жазз болон дэлхийн хит болсон дуунуудаар алжаалаа тайлаад өнгөрөөлөө. Олон талтай үйл явдал боллоо гэж би хувьдаа дүгнэж байна.

-Энэ тоглолт таныг эргээд уран бүтээлд тань хөтөллөө шүү дээ?

-Ер нь бол намайг уран бүтээлдээ ор л гээд байгаа юм байна гэж ойлголоо.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж