“Аунг Сан Су Чи Ерөнхийлөгч болж чадна”

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

“Аунг Сан Су Чи Ерөнхийлөгч болж чадна”

Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн ирэх 2015 оны сонгуулиар ард түмэн Аунг Сан Су Чиг Ерөнхийлөгчөөр сонговол өөрийн  халаагаа түүнд өгөхөөс татгалзахгүй гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Аунг Сан Су Чиг тэдний Мьянмарт хэрэгжүүлж буй шинэчлэлтийн хөтөлбөрийг түүнийг  халаагаа өгсөнөөс хойш амжилттай үргэлжлүүлж чадах хүн гэж итгэж буй тухайгаа хэлсэн байна. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Тейн Сейн энэ тухай BBC телевизийн “Hardtalk” нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ “Нобелийн энх тайвны шагналт хүн” Мьянмарын ирээдүйн Ерөнхийлөгч болох бүрэн боломжтой хэмээн ярьжээ. Түүнчлэн тэрбээр “Хэрвээ ард түмэн Аунг Сан Су Чиг дэмжиж, Ерөнхийлөгчөөр сонговол би дуртайяа хүлээн зөвшөөрнө. Түүнд Мьянмарын Ерөнхийлөгч болох бүрэн боломж бий.” хэмээн ярьсан байна. Мьянмарын парламентийн гишүүн , Ардчилсан Лиг намын тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт Аунг Сан Су Чи сүүлийн 20 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн ч өнгөрсөн дүрэвдүгээр сард Мьянмарын парламентад сонгогдсон тус улсын улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн юм. Мөн тэрбээр өнгөрөгч 20-ны өдөр АНУ-ын “Конгресийн алтан медаль” хүртсэн билээ. Тэрбээр энэ үеэрээ  АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Хиллари Клинтонтой өөрийн улсын зарим асуудлууд тэр дундаа Мьянмартын хоригийн талаар авч хэлэлцсэн юм. Харин түүний энэхүү уулзалт нааштай үр дүнд хүрч, үүнээс ердөө долоо хоногийн дараа АНУ Мьянмар дахь  эдийн засгийн хоригийн голлох асуудлын нэг импортын хоригийг цуцлах болсоноо албан ёсоор мэдэгдсэн билээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж