
Тиймдээ ч би бороонд хайртай өссөн. Бүүр бороотой ярилцаж ч өссөн. Анхны бороог аргаданхан, инээд хөөрөөр дутаахгүйсэн, ариун сайхан бүхнээр бялхуулахсан гэхдээ бороонд хүртэл бэлэг бэлддэг байж билээ. Тэр бэлэг маань бусдад инээд, хайр, итгэл өгөх бэлэг байдагсан. Ижий, аавыгаа томилолтоосоо ирэхгүй удахаар борооноос ирүүлэхийг гуйна. Баяр хөөр, амжилт ололт, аз жаргал бүхнээ бороонд шивнэнэ. Бороо миний шивнээг сонссон юм шиг бүлээн зөөлөн шивэрнэ. Уйтгар гунигаа ч хэлнэ. Шинэсний мөчирт түм түмэн дуслуудаа гуниглуулан байж шиврэн сонсоно. Гол ус намуухан урсч, цэцэгс цоморлигоо хумин байж гомдлыг минь сонсоно. Уйлаад гоморхоод ертөнцийг барахгүйг сануулан, ухаарал нэмж хаа нэгхэн сэрүүн салхиараа хацар эсгэн,
“Эр хүн шиг бай” гэж шивнэнэ.
Тиймдээ ч бороо надад хайртай. Бороо нарны цацрагийг гоён орох сайхан. Нартай бороо гэж үе тэнгийнхэн хөөрөлдөхөд борооны нар гэж би эсрэгээр нь хэлнэ. Бороо нарыг урин дуудаж солонгоороо чимж байгаа юм чинь гэж зөрүүдэлнэ. Хүүхдүүд шоолохоор би дахиад л бороонд хов зөөнө. Тэгэхээс тэгэх гэсэн шиг борооны дуслууд улам зөөлөн бүлээн болж зөвхөн над дээр л тэрхүү гайхамшигт нарны цацраг шингээсэн дуслуудаа асгаруулаад байх шиг санагдана. Бороо бид хоёр ийм л амь нэгтэй өссөнсөн. Хөдөө өнгөрөөх зуны амралтаас хотод ирэхэд олон зүйл намайг орхин оджээ. Бүгд дурсамж болон үлдэж. Харин ганцхан бороо л намайг орхиогүй ээ. Өнө мөнхийн л хавартаа үргэлжийн нялх зангаараа, зундаа идэрмэг цочмог аашаараа, намартаа хэрсүүжиж, буурайжсан намираа хураараа намайг ухааруулж, баясгаж, урам зориг өгсөөр л байна. Хэчнээн он цаг өнгөрсөн ч энэ л хэвээрээ бидэн хоёр ярилцсаар байх болно. Бороо байгаа цагт би байна. Би байгаа цагт бороо байх мэт.
Бороо хайр дурлал, итгэл үнэмшлийг бэлэглэдэг юм. Хайр дурлалын шүлэг зохиол болгонд бороо байнга хэлэгдэнэ, дүрслэгдэнэ, өгүүлэгдэнэ. Яагаад гэвэл тэр өөрөө ариун нандины бэлэг тэмдэг. Орчлонгийн хир тоос бүхнийг ариусган алтан нарны цацрагийг буй бүхэнд ялгалгүй мөнхөд ариунаар нь гийгүүлэхийн тулд юм шүү дээ. Тэнгэр бурхан бороог анх ийм л байхаар бүтээсэн гэдэг юм. Бороо бас хүмүн төрөлхтөнд ухаарал, ертөнцийн мөнх бусыг танин мэдэхийн их хүслэнг асаадаг гэнэм. Үнэн байх.
Намрын бороо зөөлөн шивэрэхэд аав минь дуртайсан
Насыг нь зөөж буцсаар байх шувуудад хайртай гэж мөнх бусыг ухааран буй аавынхаа тухай найрагч гуниглан бичсэн байхад өөр нэг найрагч,
Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа ирэх нь сайхан
Боржигон эмээлээ аваад гэрт орж ирэх сайхан
Борооноос өмнө ирлээ гэж хэлэх нь сайхан догдлонхон бичсэн байх нь ч бий. Бороо өөрөө ийм тунгалаг шигээ өөрөө өөрийнхөө сэтгэлийг толинд харж байгаа мэт харах аугаа гайхамшигийг мэдрүүлдэгтээ гоо төгөлдөр ажээ. Тийм ээ, Бороо орох сайхаан.
Энэ хаврын бороо хүмүүсийн нүдэнд цог хийморь, газар ижийд урган төлжих рид хувилгааныг өглөө. Хүндхэн өвөл, тэсгим жавараараа хатуурхсан тэнгэр сая нэг ууч сэтгэлээ харамгүй дэлгэн амьдрах эрч хүчийг хаврын анхны бороогоороо өглөө. Хууччуул тэнгэр хатуурхсан жилийн дараах урин цаг их л өгөөжтэй байдаг гэлцдэг. Энэ үнэн үг. Эгэж зөөлрөхийн замбуулин гэгч энэ. Энэ жил сайхан зун, намар болно оо. Зовсон, ядсан олон амьтны зоо нурууг тэнийлгэх л учиртай. Би л бүхний эзэн гэж ойворгонтох хүмүн бидэнд алдаа эндэгдлээ эргэн хар гэж хатуурхсан хэрэг. Бороо өөрөө тэгж байна лээ. Тийм ээ ирж яваа цагийн хур дандаа сайн сайхныг бэлгэдэн шивэрдэг юм.
Л.Нарантөгс