Урлаг, спортын одод мэргэжлээ солин бүжгийн спортын арван төрлөөр бүтэн сарын турш ширүүхэн өрсөлдөн ийнхүү ялагчаа тодрууллаа. “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчаар спортын тамирчдыг анх удаа төлөөлөн оролцсон буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул шүүгчдийн болон үзэгчдийн мэссэж саналаар илт давуу ялалт байгуулан гранпри шагналын эзэн болж, таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийн эзэн боллоо.
Тэсвэр тэвчээр, анхаарал шаарддаг буудлагын спортоосоо тэс ондоо хөдөлгөөн хурд, жүжиглэлт шаардсан бүжгийн талбарт тамирчин Ц.Хонгорзул өөрийгөө нээн харуулж чадсан юм. “Тамирчид гэхээр л бүдүүн хойрго, эмэгтэйчүүд нь эршүүд, бүжгийн эвсэлгүй гэсэн ойлголтыг халж, үзэгчдэд ямар эмэгтэйлэг, уян зөөлөн гэдгийг харуулахаар зориг шулуудан энэ тэмцээнд орсон” хэмээн ярьж байсан тэрбээр энэ үдшийн бүжгийн “хатан хаан” байлаа.
Анх удаа бүжгийн тайзыг сонгон нэг сарын турш бүжгээр өрсөлдсөн түүнийг шоу нэвтрүүлгийн явцад үзэгчид өмнө нь бүжиглэдэг байсан байх гэж бодтол нь өөрийгөө өөрчилж энэ л үдэш зорилгодоо хүрсэн юм.
Түүүнчлэн, хоёрдугаар байрыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш эзлэн гадаадад амрах эрхийн бичгийн эзэн болсон. Тайзнаа хоёрдугаар байрт орсон хамтлагийнхаа гишүүнд “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулан амжилтыг нь мялаасан юм.
“Ододтой бүжиглэе 2” шоуны гуравдугаар байрыг “Доз энтертайнмэнт”-ын жүжигчин А.Мөнгөнзул хүртсэн. Тэрбээр тайзнаа хуримын даашинзтай гарч ирэн хайрын түүхийг өгүүлэн гайхалтай бүжиглэсэн. Бүжгийн төгсгөлд түүний хань “Доз энтертайнмэнт”-ын захирал, жүжигчин Доржсүрэн тайзнаа сөхрөн гэргийдээ хүндэтгэл үзүүлэхэд Зулаа яг л хүүхэд шиг гүйж очин түүнийг тэвэрч тэнд цугласан хэн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн. Зулаа дайчин гэдгээ энэ шоугаар дахин харуулсан. Учир нь тэрбээр өөрөөсөө арав гаруй насаар дүү оролцогч нартай ширүүхэн өрсөлдөн хүчтэй оролцогчдын тоонд яах аргаүй багтаж чадсан юм.
Энэ удаагийн “Ододтой бүжиглэе 2” шоунд дуучин Т.Нара, Ж.Солонго, “Synс” хамтлагийн дуучин Амараа, “Outlaw”-ын Чинзориг, “Extacy” хамтлагийн Э.Хонгорзул, “Доз энтертайнмэнт”-ын жүжигчин А.Мөнгөнзул, “Мөрөөдлийн театр”-ын Батууш нар бүжгийн спортын арван төрлөөр өрсөлдсөн юм. Харин энэ үдэш дуучин Нара тодорхой шалтгааны улмаас хараахан ирж амжаагүй. Бусад оролцогчид тайзнаа арван бүжгээсээ хамгийн шилдэг гэснээ толилуулан үзэгчдийг байлдан дагуулсан.
“Extacy” хамтлагийн Э.Хонгорзул хараагүй төгөлдөр хуурч залууг хараа ортол тайзнаа бүжсэн бол “Мөрөөдлийн театр”-ын Батууш чөлөөт стилиэр цоглог бүжгийн ритмийг мэдрүүлэн “Доз энтертайнмэнт”-ын жүжигчин А.Мөнгөнзул вальсийн аянд хайрын гайхалтай түүхийг дэлгэн, тамирчин Ц.Хонгорзул чача-г чадварлагаар амьдруулсан гээд дэргэдээс нь тэднийг харсан хэн хүнгүй л дуу алдан өөр хоорондоо магтаж байсан юм. Тэд хувиран өөрчлөгдөж, шинэ өнгө төрхийг үзэгчдэд бэлэглэн шоу нэвтрүүлгийг чимсэн энэ үдшийн одод болон гялалзсан.
“Ододтой бүжиглэе 2” шоунд “Extacy” хамтлаг анх удаа тайзнаа шинэ гишүнийхээ хамт гарч ирэн тавуулаа “Тэх үү” дуугаараа бүх оролцогч нартаа бэлэг барьсан. Мөн “Synс”-ын залуус, “Ододтой бүжиглэе 1” шоунд оролцсон “Мотив” хамтлагийнхан энэ үдшийг ая дуугаар хөглөсөн. Бүжгийн гайхамшигтай хурдтай хэмнэл, уян налархай хөдөлгөөн уран сэтгэмжийг дэргэдээс нь үзэх дэндүү сайхан байлаа.
Оролцогчид шоуг зохион байгуулсан багийнханд баярлаж буйгаа илэрхийлж, бүгд сэтгэл хангалуун байлаа.
Урлаг, спортын оддын залуу насын дурсамжийн хуудсыг шинээр чимсэн “Ододтой бүжиглэе” шоу удахгүй үргэлжлэн үзэгчдэд хүрэх гэж буй баяртай мэдээг энэ үдэш шоуг зохион байгуулсан багийнхан дуулгасан юм. Харин дараагийн одод хэн байхыг хамтдаа хүлээх л үлдлээ.
“Ододтой бүжиглэе 2” -ийн гэрэл зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү