Буман яруу найрагчид өөрчлөлтийн төлөө аянд Монголын яруу найрагчид дуугаа өргөлөө
Өнөөдөр дэлхий дахинаа илтэд гарч буй хүйтэн өөрчлөлтүүдийн дараа үгээ хэлэх хүмүүс нь яруу найрагчид юм хэмээн тунхаглаад, энэ бүхний эсрэг үгээ хэлэх ньертөнцийн энх амгалан, эерэг зөөлөн уур амьсгалын бүрдүүлнэ гэж үзэж байна.
Монгол улсын Боловсролын их сургуулийн их танхимд яруу найрагчидын үгийг, шүлгийг сонсохоор тус сургуулийн багш оюутанууд 12 цаг гэхэд хуран цугларсан байлаа. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Мөнхцэцэг, Ломбын Нямаа, Д.Дарьсүхбаатар, Б.Хүрэлтогоо, О.Сундуй, Ж.Батбаатар,О.Цэнд-Аюуш, Б.Төгсжаргал нар хүрэлцэн ирэв.
Уншлагыг нээж яруу найрагч Г.Мэнд-Ооёо хэлэхдээ “100 мянган яруу найрагч гэж хэлж байхдаа бид нэгэн сайхан монгол үгээ хэрэглэх хэрэгтэй юм. Энэ бол Буман гэсэн үг. Өнөөдөр Дэлхий дахинд Буман яруу найрагчид шүлгээ уншиж байна. Энэ өдрүүдэд үгээ хэлж, шүлгээ уншиж байна. Амар амгалан байдлыг үл хөндөх байдлаар үгээ-шүлгээ хэлэх үйл явдал болж байна. Зөвхөн сайн үгсээр ертөнцөд энхжинг тогтооно” хэмээн хэлээд шүлгээ уншив.
Д.Дарьсүхбаатар “Cоёлт хүмүүний нэгэн эрхэм шинж бол уншиж сонссоноо бусдадаа хэлж дамжуулж хуваалцаж байх юм. Хүний хэрэгцээ бол өчүүхэн. Үгээр өлсөж, үгийг идэж явах юм. Нэг ч гэсэн гэрэл гэгээтэй үгийг үнэн сэтгэлээсээ бусдад дамжуулж чадвал хүн болж төрсөний гавьяа юм. Яруу найраг бол хүний сэтгэлийн хэл” хэмээн хэлээд шүлгээ уншив.
Соён гэгээрүүлэгч, яруу найрагч Ломбын Нямаа хэлэхдээ “Дашдорж багшийгаа дурслаа. Ооёо бидний багш. Энэ хүн монголын уран зохиолд өөрийнхөө хөшөөг босгосон хүн. Үгээр хийдэг зэвсэгийг хүн төрөлхтөн зөв ашиглаасай. Хүмүүс үгээрээ ойлголцох ухааныг яруу найргаас олж авна. Дандаа яруу найраг уншиж яваарай. Сэтгэлийг чинь цэлмээнэ шүү”. гэв.
Яруу найрагч Г.Мөнхцэцэг “Энэ дэлхийн авралын төлөө Монгол яруу найргаа өргөж байна. Энэ аян манай орны олон газар өрнөж байна.” хэмээн тодосгосон Өвөрмонголоос ирж суралцаж буй оюутан Эрдэнэ-Очир “эм хүн энх тайван, эрийн төлөө элэгдэнэ...” гэх шүлгээрээ оюутан залуу шүлэгчдийн буухайг эхлүүлээ.
Ийнхүү яруу найрагч Б.Хүрэлтогоо, О.Сундуй, О.Цэнд-Аюуш, Б.Төгсжаргал нар шүлгүүдээ ээлжлэн уншицгаасанаар уншлага нийт гурван цаг үргэлжлэв. Энэхүү МУБИС дээрх уншлагыг монгол улсын гавьяат багш Ц.Өнөрбаяр, сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаатар нар сайхан зохион байгуулсанд яруу найрагчид гүн талархал илэрхийллээ.