Цагдаагийн байгууллага мэргэшлийн шалгалт авна

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллага мэргэшлийн шалгалт авна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалтыг ирэх аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн мэдээлснээр Автобаазын тээвэр үйлчилгээний жолооч, моторчин болон Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч, бичээч, бичиг хэргийн эрхлэгч, хэв журмын цагдаа, цагдаа-зохицуулагч, сумын цагдаа, цагдаа-жолоочийн, Замын цагдаагийн газрын цагдаа-зохицуулагчийн орон тоонд шинээр ажилд орохоор хүсэгчдийг бүртгэх аж.

Бүртгэл хоёр үе шаттай явагдана.

Нэгдүгээр үе шат:
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон хуульд заасан үндэслэлээр хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Хоёрдугаар үе шат:
Ийнхүү дээрх байдлаар судлагдсан иргэдийг Нийгмийн хэв журам хамгаалах газар дээр 2012 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд  09.00-16.00  цагт нэгдсэн байдлаар бүртгэж, 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд хуваарийн дагуу шалгалт авна.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

-Өргөдөл

-Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт ¹1-ийн дагуу бүрэн бичсэн байх);

-Дээд боловсролын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн гэрчилгээ, хүчин төгөлдөр эмчлэх эрхийн лицензийн эх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

-Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

-3 үеийн түүх

-Сурагчийн хувийн хэрэг

-Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт

-Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь;

-4х6 хэмжээний 4% зураг;

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж