Английн тэрбумтан, зохиолч J.K Rowling есдүгээр сарын 27-нд томчуудад зориулсан “The Casual Vacancy” нэртэй номоо худалдаанд гаргажээ. Энэхүү ном түүний алдарт ”Harry Potter” цуврал зохиолоо бичсэнээс хойш таван жилийн дараа хийж буй бүтээл нь юм. “The Casual Vacancy” ном худалдаанд гарсан даруйдаа хэдийнэ Их Британид борлуулалтаараа нэгдүгээрт бичигдэж, номын хорхойтнууд, ном үйлдвэрлэгчид болон номын дэлгүүрийнхэний сонирхолыг татсан эрэлттэй номын тоонд багтаад байгаа аж. Тиймээс зохиолч Rowling олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хэтрүүлэг, худалдан авагч нарын худалдан авах гэсэн хийрхлээс хамгаалах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэнэ. Уг номын борлуулалт өндөр байгаа ба АНУ-д гэхэд л хоёр сая гаруй хувь хэвлэгджээ. Гэхдээ энэ нь түүний бичсэн Харри Поттерын сүүлийн зохиол “Харри Поттер ба хагас цуст ханхүү” 450 сая хувь борлогдож байсныг бодвол бага юм.
Лондон дахь “Foylres”-ийн салбар дэлгүүр “St Pancras”-ийн менежер Gary Powell Rowling-ийн зохиолуудын шүтэн бишрэгч бөгөөд тэрбээр “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Rowling-ийн зохиолууд бүхий л насанд хүрэгчдэд таалагддаг. Түүний бичлэгийн хэв маяг болон юу бичиж байгаа нь их сонирхолтой. Энэ зохиол одоо ийм өндөр борлуулалттай байгааг харахад “Christmas”-аар ч сайн борлуулалттай байх болов уу” гэжээ. J.K Rowling бол ажилгүй, ганц бие ээжээс шилдэг зохиолч болж чадсан гайхалтай эмэгтэй юм. Хамгийн товчхоноор тодорхойлбол, тэр дэлхийн хамгийн анхны тэрбумтан зохиолч билээ.
Эх сурвалж: Eagle News-Entertainment