Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор инфляцийг тогтвортой нам төвшинд байлгах, Засгийн газартай хамтарч нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, барьцаа хөрөнгийн эрхзүйн орчинг шинэчлэх, хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг эрчимжүүлэх болон банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй болгох зорилтууд тавьснаараа онцлог юм.
Төв банк /Mонголбанк/-ны тухай хуульд заасны дагуу жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийн дотор Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг өргөн барих учиртай. Монголбанк хуульд заасан хугацаанд буюу өнөөдөр УИХ-ын даргад уг төслөө өргөн барина.