Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явна

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явна

УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1 буюу даваа гаригт эхэлнэ. Намрын чуулганаар хийх гол ажлуудын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Намрын чуулганаар Монгол Улсын 2013 оны төсөв, мөнгөний бодлого зэрэг гол асуудлууд хэлэлцэнэ. Үүнээс гадна ямар гол хуулиудыг хэлэлцэх төлөвтэй байгаа вэ?

-Гол асуудлын нэг бол Монгол Улсын 2013 оны төсөв, мөнгөний бодлого. Намрын чуулганаар бас Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж батална. Шуурхай шийдвэр хүлээж байгаа зарим асуудал бий. Төрийн албыг шинэчилж нийтийн алба болгоно. Энэ алба төрд бус ард иргэдэд үйлчилдэг алба байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудал байна. Үндсэн хуулийн нэлээд хэдэн асуудлыг шийдье гэсэн шийдэл дээр улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалт дээр хүрсэн. Үндсэн хуулийн чухам ямар заалтыг өөрчлөх шаардлагатай юм бэ гэдэг талаар ярилцсан.

-Үндсэн хуулийн ямар агуулгыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн бэ?

-Бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх асуудал юм. Засаг даргыг сонгох тогтолцоо зэрэг байна. Шууд ардчилалтай холбоотой асуудал ч бий. Улс төрийн бүх нам зөвшилцөж ойлгож чадах юм бол нэлээд хэд хэдэн чухал заалт оруулна. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах байх. 

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын онцлог юу байх бол?

-2013 оны төсөв, мөнгөний бодлогод тусгах чухал асуудал бол сумдын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Суманд хөрөнгө оруулалт хүргэх асуудлыг хуучин маягаар авч үзэх юм уу, эсвэл шинэчлэх юм уу. Монгол Улсын 330 суманд мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн дээр тулгуурласан анхан шатны боловсруулах үйлдвэр барья. Төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнийг эх орондоо 100 хувь үйлдвэрлэдэг болъё. Үүнийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтыг зорилготой  зохион байгуулах ёстой. Импортыг цэгцлэх ёстой гэх мат прагматик бодитой зүйлд анхаарах хэрэгтэй юм. Харин үүнийг нутгийн удирдлагатай нь яаж холбох вэ. Засаг дарга гэдэг хүн өнөөдөр зөвхөн төсвийн мөнгө хуваарилдаг, тэндээ улстөрждөг, намаараа юм уу ах дүүсээрээ хувааж улсын төсөв дээр амьдардаг байдлыг халах ёстой. Засаг дарга тухайн орон нутгийнхаа иргэдийн нийгэм, эдийн засгийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Хот төлөвлөлтийн асуудал байна. 15 мянгаас дээш хүн амтай суурингуудыг хот болгох асуудал бий.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах уу. Тухайлбал намын бүлгүүдийн завсарлагыг хугацаатай болгох гэх зэрэг асуудал байдаг?

– Энэ удаагийн УИХ нэлээд онцлогтой, намуудын авсан суудлын тоо ойрхон байгаа. Ийм тохиолдолд намын бүлгүүд хязгааргүй завсарлага авч ажилд гацаа үүсгэж болохгүй. Тоглоом тоотой нь дээр.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж