Бо Силайг намаас хөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Бо Силайг намаас хөөжээ

Чунцин хотын намын хорооны дарга асан Бо Силайг (Bo Xilai) намаас нь хөөсөн тухай "Синьхуа" агентлагийн мэдээнээс иш татан Reuters мэдээлжээ. Тухайлбал, түүнийг намын Улс төрийн товчоо ба Төв хорооны бүрэлдэхүүнээс гаргасан байна. Улстөрчийг намаас нь гаргасан шалтгаандаа түүнийг Британийн бизнесмен Нил Хейвудыг (Neil Heywood) түүний эхнэр Гу Кайлай (Gu Kailai) хөнөөсөн хэрэгтэй холбон тайлбарласан байлаа. Мөн тэр аллагын дараа Чунцин хотын дэд дарга ба цагдаагийн дарга байсан Ван Лицюньтэй (Wang Lijun) холбоотой дуулиан гарсны хариуцлагыг түүнд өгсөн байна. Тэр хоёрт найм ба есдүгээр сард ял сонсгосон юм.

Мөн мэдэгдэлд Бо Силайг албан тушаалаа урвуулан ашигласан, бэлгийн зүй бус харилцаанд орж байсан, авлига авсан зэрэг хэрэгт буруутгасан тухай өгүүлжээ. Намын удирдлагын мэдээний дагуу тэрбээр энэ бүх хэргийг зөвхөн Чунцинд ч биш өмнө нь Далянь хотын дарга, Ляонин мужийн захирагч байхдаа хийж байсан гэнэ. Үүний хажуугаар хожим мөрдөн байцаалтаар улстөрчийг өөр хэрэгт холбоотой байсныг тогтоосон ажээ.

Бо Силайг тойрсон дуулиан 2011 оны хавар мандсан билээ. Хотын цагдаагийн дарга Ван АНУ-ын консулын газарт очиж, өөрийн даргын эхнэрийг Нил Хейвудыг хөнөөсөн гэж ярьснаас уг хэрэг мандсан юм. Үүний дараа Ван Лицюнь шоронд хоригдож, Бо Силай нь Чунцин хотын намын даргаас буусан байв.

Наймдугаар сарын 20-нд түүний эхнэрийг Нил Хейвудыг хөнөөсөн гэж үзээд шүүх цаазаар авах ял өгсөн. Ялыг сонсгосон даруй түүний ялыг хөнгөлсөн ба одоо яг ямар ял эдлэх нь тодорхойгүй байгаа юм. Есдүгээр сарын 15-нд Ван Лицюнийг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн, авлига авсан, эх орноосоо урвасан гэж шүүх үзээд 15 жилийн хорих ялаар шийтгэсэн байв.

Эдгээр шүүх хурлын үеэр Бо Силайн өөрийнх нь хувь заяа тодорхойгүй байв. Тухайлбал, тэр ямар хариуцлага хүлээх нь ойлгомжгүй байлаа. Өмнө нь Бо Силай Хятадын улс төрийн од гэгдэгдэж байсан ба нам, төрийн өндөр тушаал эзлэх хүн гэгдэж байлаа. Түүнийг тойрсон дуулиан нь Хятадын удирдлага солигдож байгаа энэ үеэр коммунист намын хувьд нэлээд эмзэг туссан юм.

“Синьхуа” мэдээлснээр засаг солигдох намын их хурал өмнө хэлэгдэж байсан аравдугаар сард биш арваннэгдүгээр сарын 8-нд болох ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж