“Намар өөрөө сэтгэлийн аязыг хүнд бэлэглэдэг”

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

“Намар өөрөө сэтгэлийн аязыг хүнд бэлэглэдэг”

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй яруу найргийн томоохон үйл явдал маргааш буюу есдүгээр сарын 29-нд дэлхий даяар өрнөх гэж байна. Дэлхийн олон улс орныг хамарсан энэ хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилсан аж.
“100 мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” Монгол Улс дахь яруу найргийн уншлага хоёр дахь жилдээ болж байх. Тус үйл явдлын нээлтийн ажиллагаа өнөөдөр (09.28)  “Түгээмэл” дээд сургуулийн хурлын танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд яруу найрагч, доктор Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, “Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Лхамноржмаа, энэ жилийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” найргийн наадмын эзэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирлээ.

Яруу найрагч, доктор Ү.Хүрэлбаатар уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “1990 оны үед “Эх дэлхий уйлж байна”  хэмээх бүтээл гарахад тухайн үед тэрхүү бүтээлийг авахад хэцүү байлаа. Тэр цагаас хойш 20 жилийн дараа энэхүү шүлгийн утга учир бэлэхнээ бидний өмнө тулж ирлээ. Эх дэлхийн өөрчлөлтийн төлөөх яруу найрагчдын уншлагын энэ өдөр монголын яруу найрагчдын зүрх сэтгэлийн дуу нэгэн зэрэг өөр газар эх дэлхийд хүрч буйд туйлын их баярлахын аргагүй болоод байна” хэмээв.

Өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийн 96 орны 550 хот, суурины 700 гаруй газарт яруу найраг унших өдөрлөгийг зохион явуулж байжээ. Энэ жилийн өөрчлөлтийн төлөө яруу найргийн уншлагын үеэр “Болор цом”-ын эзэн Л.Лхамноржмаа: Хүн бүхэн сэтгэлээ цэвэрлэдэг. Бид бүхэн сэтгэлийнхээ талыг ч боловч цэвэрлэдэгүй юмаа гэхэд гэгээн сайхныг оруулдаг. Дэлхий ертөнц төрөх гэж дуншдаг, ертөнц өөрөө бас яг хүүхэд шиг бидний хэлээр хөдөлдөг. Эмзэгхэн, гунимтхайг хэдийн мэдэх болсоон гэж бодож байна. Ядуу дутуу байсан ч хаврын цас хайлж, түүндээ цэцэг ногоо дэлбээлдэг. Намрын аяс униартах нь яагаад хүн төрөлхтөн сэтгэлийнхээ янданг хөөлөхгүй байгаа юм бэ, тэр хөөгөө хөөллөө гэхэд эх дэлхий дээр орхихгүй хөөлж чадахгүй байгаа юм бэ гэж бодож байна. Намрын улирал гэдэг өөрөө он цагийн хувьд хүнд илүү ихийг өгч чаддаг. Намар өөрөө гүн ухаан. Өнөөдөр буцаж байгаа шувуудыг битгий хараарай гэж хэлдэг. Байгаль дэлхий хүн хоёрын харилцан ойлголцол гэж байдаг гэж бодож байна. Харьцангүй энэ ойлголт маань бага болсон болохоор эх дэлхий их хөлдөж байгаа болов уу гэж бодогдоно. Бид нар өнөөдөр дэлхийн тухай, нийгмийн тухай, хүмүүнлэгийн тухай боддог. Тиймээс энэ сайхан өдөр та бүхэнтэй сэтгэлийн шүлгэн цацал өргөж байгаадаа талархаж байна. Өнөөдрийн энэ сайхан өдрийг дэлхий дээр 100 мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө хамтдаа хэмээн ийм сайхан зүйл хийж байгаад талархаж байна. Сэтгэлийнхээ энэ сайхан өдөр нэгнийгээ өвдөхөд, сэтгэлийг өвдөхөд хань болж яваарай гэж хүсэж байна” өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр тус сургуулийн оюутанууд Орос, Турк, Хятад, Казак хэл дээр гадаадын уран зохиолыг уншиж сонирхуулсан бөгөөд нэгэн оюутан Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг Франц хэл дээр хөрвүүлснээ  сонирхуулж байв. Мөн энэ өдөр "Их засаг" их сургууль дээр яруу найргийн уншлага болжээ.

МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.МӨНХЦЭЦЭГ

                    ЯНЗАГА

Зэрэглээнд гижигдүүлж тонгочих
Зээрийн хөөрхөн янзага
Шаргалтах говийн хээлэнд
Шандаст хүлэг шиг цахилна
Алтан шаргал хөрсөн дээрээ
Эрдэнийн зургаа дахь амь мэндэлж
Эхийнхээ сүүг цэцэгнээс амтлан нойрсдог
Ээрэм говийн цагаан сүргийн удам
Эх нь хаана орхино
Эргэж иртэл нь хүлээдэг хатуу хуультай
Хачин юм шүү зээрийн янзага
Хүний дуулгавартай үр шиг
Энэрэлт хүмүүсээ та минь
Эвий түүнийгээ бүү үргээ
Эхийгээ хайж сортолзох аюулгүй
Энэ л говьдоо идээшилж нойрсог янзага
Улаан номын дархан сүрэг
Ухаа говийн амьд чимэг
Ухаант таны хайрын учиг
Унтаж байгаа янзагыг битгий сэрээ
Чимээгүй
Чимээгүй


“Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, яруу найрагч Б.ИЧИНХОРЛОО

                    "ЗУУН НАМАР"

Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно                   
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно


Энэ жилийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” найргийн наадмын тусгай байр, 2007 оны "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.ЛХАМНОРЖМАА

                            ИЖИЙ УЛИРАЛ

Алган дээр минь нэгэн навч ойчсон нь
Алсаас нутаг ижий хоёр дуудсан байна
Амтархаж тэр л навчийг зажилж үзвэл
Ангир уураг, зуны үнэр дүүрэн байна
Намар намрын анхны цас
Налгар ээжийн минь шанхан дээр орсон
Ертөнцийг баяжуулаад өөрөө гундсан
Ерийн биш намар ижий  минь юм .
Хүүхэд бүхнийхээ тоогоор өөрийгөө хувааж өгсөн
Хайр нь бүтэн ижий баян намар юм .
Хямсгар өвөлд сайхнаа бэлэглээд
Хялмаалах цасанд дарагдаж үлддэг
Цагийн урсгалыг өөрийнхөөрөө зохиодог
Цалам баригч нь намар байдаг юм
Хорвоо хүнийг сүүдрийн уртаар хэмжиж
Хоосон зүүдэнд нарны туяа асгарахад
Хүүгийнхээ төлөө л зөв чигийг заах
Хөлтэй луужин ижий байдаг юм
Сэмэрсэн навчны гандсан өнгөнд
Сэтгэлийн минь зураг намартай ирэхэд
Бороо халхалсан шүхрээ хумиж
Бушуухан ижий рүүгээ гүймээр болдог  доо

      Хөлд зулсан навчис нь, намрын
      Хүүдээ илгээсэн хайр юм, ээжийн
      Харьд буцах шувууд нь, намрын
       Харихын жолоогүй хүүгийн хүслэн юм,хүүгийн

Жиндүүхэн цагаан салхийг зунтай аргамжиж бодсон
Халуухан бодолд ижий минь залуухан
Жигүүрээ даалгүй гуньсан аянч шувуухайн
Хүйтэн нулимсанд ижий нь  л ойрхон
Нимгэн шар тэрлэгээ ижий минь өмсч гоёод
Намайг тосон зам харахаар намар болдог
Ижийгийн дээлийг дэлхий өмсч
Ингэн туйлаадас хаялаад л
Гэрэл сүүдэр холилдох цагт
Гэрэвшүү намар ижий минь болдог оо
Ижийгээ өрөвдөөд уйлахаар намар болдог
Их яарлын улирал байдаг
Хөгшин  өвсний тэнэмэл яриа
Хуучин навчны амьдрах тэмцэл
Энэ бүхэн намар байна
Ээждээ яарсан сэтгэл байна
 

Энэ жилийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” найргийн наадмын эзэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.ЦЭНД-АЮУШ:

                        НАМАР

Сар уснаас согоо шиг тонгойж амсана.
Салхийг уулс цангасан адуу шиг залгина.
Мананг хөндий хөнжил шиг нөмөрч
Маралыг шугуй хөгжим шиг дуугаргана.

Гол мөрний чимээг загас тэмээлзгэнэ шиг залгиж
Гоо бүсгүйн инээд алчуур шиг хуучирна.
Аниргүй тал далбаа шиг гандаж
Цахилах зээр гал шиг дүрэлзэнэ.

Сүрэглэх үүлнээс морины нулимс шиг бороо асгарч
Сүмийн дээвэр дээрээс хүний нулимс шиг дусна.
Тэнгэрт хийл шиг шувууд нисэлдэж
Газарт гитар шиг навчис унана…

Аяа намар…



“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” уриатай яруу найргийн уншлага маргааш дэлхийн 106 оронд зэрэг болно. Маргааш болох уншлагын хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж