Саяхан АНУ-ын Айдахо мужийн Прест нууранд загасчлал хийсэн хоёр загасчин барьсан хулд загасныхаа гэдэс дотроос хүний хуруу олж, маш их цочирдсон байна. Тэд тэрхүү хурууг цагдаа нарт өгч, хэнийх болохыг нь тодруулахад гурван сарын өмнө ослоор хуруугаа алдсан Ханс Галасси гэгч 31 настай эрийнх болох нь тогтоогджээ. Ханс Галасси нь вейкбординг спортоор хичээллэдэг бөгөөд өнгөрсөн зургадугаар сард тус нууранд сургуулилт хийж байхдаа ослоор нэг гарынхаа дөрвөн хуруугаа алдсан аж. Айдахо мужийн цагдаагаас түүнд хурууг нь олсон тухай мэдэгдэхэд тэрбээр нээх гайхаагүй гэнэ. Учир нь Ханс Галасси ослоор хуруугаа алдсаныхаа дараа найзууддаа “Миний хуруунууд загасны хоол болсон” хэмээн хошигнож байсан бөгөөд түүний энэ хошигнол үнэн болсон нь ийнхүү батлагджээ. Гэхдээ тэрбээр загасны гэдэс дотроос олдсон хуруугаа цагдаа нараас буцаан авахыг хүсээгүй байна. Харин цагдаа нар түүнийг бодлоо өөрчилж магадгүй хэмээн хурууг нь хэсэг хугацаанд лабораторид хадгалах гэнэ. Мөн энэхүү хурууг Айдахо мужийн цагдаагийн газрын лабораториос сургалтад ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дээрх загасчид Ханс Галассин хурууг залгисан загасыг түүний хуруунуудаа алдсан газраас 12.8 км орчим зайтай газраас барьсан байна.
Б.Анхтуяа