НҮБ-ын Ардчиллын бүлэг чуулав

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ардчиллын бүлэг чуулав

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга орны хувиар  Нэгдсэн Үндэстний Байгууллага дахь Ардчиллын бүлгийн орнуудын Сайд нарын албан бус уулзалтыг энэ сарын 25-нд зохион байгуулав. Энэ удаагийн уулзалт “Хуулийг хэрэгжүүлэх ёсон ба ардчилал” сэдвээр өрнөлөө.

Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нээж үг хэлэв. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хуулийг хэрэгжүүлэхгүйгээр ардчилал, хүний эрх оршихгүй. Хууль бодитоор мөрдөгдсөн газар шударга ёс дэлгэрч,  ардчилал хөгжиж, хүний эрх баталгааждаг.  Монгол Улс  АОХН-ийг тэргүүлэхдээ  ардчиллын чанарыг чухалчилж байна. Тийм ч учраас бид ардчиллын боловсролыг  тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа гэж онцлон тэмдэглэв. Тэрбээр бидэнд бусдад заах зүйл байхгүй гагцхүү бусадтай хуваалцах сургамж байна. Ардчилал бол суралцах үйл явц. Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулснаас хойш 22 жил өнгөрч байна. Зөвхөн ардчилсан сонгууль явуулснаар ардчилсан улс болохгүй. Туршлагаас харахад чөлөөт сонгууль явуулах, олон намын тогтолцоотой байх, олон ургальч үзлийг төлөвшүүлэх нь ардчиллын салшгүй хэсгүүд болохоос бүрэн ардчилал биш гэдэг нь мэдэгдэж байна. Харин эрх мэдлийг ард түмэнд  өгч, тийнхүү шууд ардчиллыг бий болгосноор  ардчилсан зарчим нийтэд үйлчилнэ. Ардчилал бол нэг удаагийн хувьсгал биш. Эрх чөлөө, ардчилал бол хэзээ ч эрийн цээнд хүрдэггүй, нялх хүүхдийг асардаг шиг арчилгаа тордлого хэрэгтэй үйл явц хэмээн хэллээ. Илүү эрх чөлөөтэй, илүү ардчилсан, бас илүү шударга нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө хамтран ажиллахыг тэрбээр улс орнуудад уриалав.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь ардчилсан Засгийн газрууд, иргэний нийгмийн оролцоог хангасан эвсэл бөгөөд улс орнууд ардчилал, хууль ёсыг сахих, хүний эрхийг дээдлэх нь улс орны хөгжлийн тулгуур зарчим болж байгааг төлөөлөгчид санал нэгтэй тэмдэглэж байна.

Уулзалтыг Гадаад харилцааны сайд Л.Болд даргалж, НҮБ дэх ардчиллын бүлгийн 100 гаруй орон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын удирдлага оролцсоноос 19 орны Гадаад хэргийн сайд байлцав. Литва, Финлянд, Румын, Унгар, Бенин, Морокко, Тунис, Тайланд, Солонгос зэрэг орны сайд нар, АНУ, Франц, Испани,  Эстони, Итали, Уругвай зэрэг 20 шахам орны төлөөлөгч, НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн дарга Иван Симонович, НҮБ-ын Ардчиллын сангийн Гүйцэтгэх захирал Роланд Рич, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгесен, АОХН-ийн иргэний нийгмийн асуудлаарх олон улсын удирдах зөвлөлийн дарга Мортон Халперин нар үг хэлэв.   Төлөөлөгчид Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлж байв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс  мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж