Намрын сэрүү унаж, хүйтний улирал ойртож байгаатай холбогдуулан Нийслэлийн агаарын чанарын албанаас Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаарын сантай хамтран Сүхбаатарын талбайд Агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын аяныг нээж “Орон байраа дулаалцгаая” өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү аян нь агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгахад төр, захиргааны болон гадаадын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг тэдгээрт татан оролцуулах, эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг багасгах талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм.
Өдөрлөгийг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Улаанбаатарыг цэвэр сайхан, бухимдал багатай хот болгохын төлөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газар их олон ажил хийж байгаа. Бидний өвөг дээдэс “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно” гэж хэлдэг байсан. Энэ бол гэр, орон сууц, байшин барилгаа сайн дулаалахын чухлыг хэн ч ойлгохоор илэрхийлсэн ардын ухаан юм.
Судалгаагаар бид байр, гэрийнхээ дулааны 50-55 хувийг цонх, хаалга, хана, дээврээрээ алддаг юм байна. Өөрөөр хэлбэл тал хувийг нь салхинд хийсгэж байна. Ингэснээр улам их түлш, дулаан хэрэглэхэд хүрнэ. Тэр хэмжээгээр амьсгалах агаараа бохирдуулна, бас олсон хэдэн төгрөгөө үргүй зарцуулна гэсэн үг. Ийм байдал нь ядуурлыг бууруулахад хүндрэл учруулж байна. Гэр байраа сайн дулаалчихвал мөнгө хэмнэнэ. Түүнийгээ талх тариа, хүнс ногоо, хүүхдийнхээ сургалтын зардалд хэрэглэж болно шүү дээ. Нийслэлчүүддээ байр, гэрээ сайн дулаалахыг уриалж байна” хэмээв.
Сүхбаатарын талбайд аж ахуйн нэгжүүд түлш, дулааны хэмнэлттэй зуух, гэр, байшин, утаа бага гаргадаг угаасан нүүрс, шахмал түлшний үзэсгэлэн гаргаж, танилцуулгуудыг тарааж байлаа.