Улаанбаатар-Налайхын автозамын төслийг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Налайхын автозамын төслийг хүлээлгэн өглөө

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан компакт гэрээний дагуу Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто зам, 288 метр гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.

Энэүү инженерийн зураг төслийг өмнө нь Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийснийг Мянганы сорилтын сангийнхан шинэчилсэн бөгөөд  үүнийгээ салбарын сайдад хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Уг ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бямбажав, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Батбаатар, тус сангийн авто замын төслийн захирал П.Батсайхан, олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Т.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцлоо.  Зам, тээврийн сайд А.Гансүх  ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Бид Улаанбаатар–Налайх чиглэлийн  20.9 км замын ажлыг ирэх оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн байгаа.  Ингэснээр уг авто замын нэвтрүүлэх чадвар сайжирч,  хөдөлгөөний аюулгүй байдал дээшлэх юм” гэдгийг онцолсон юм. 

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан компакт гэрээний дагуу нийт 79.7 сая ам.долларыг авто замын барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулан зарцуулахаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх байсан юм байна. Дашрамд дурдахад, Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км авто замын барилгын хучилтын ажил эхлээд байгаа аж. Эдгээр замуудыг барьснаар  Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий Алтанбулаг–Замын-Үүдийг холбосон Азийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн нэг хэсэг болж, Монгол Улсыг дайран өнгөрөх транзит тээврийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг албаныхан онцоллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж