Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Шаньси мужийн Утай шань болон Аньхой муж дахь Цюхуа шань уулын хийд ч мөн олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгохоор төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Харин Хятадын Сичуань муж дахь Эмэй шань уулын хийд бүр 1997 онд 888 гэсэн тэмдгээр Шеньженийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн аж. Хятадад мөнгөөр худалдаж авч болдоггүй юм тун ховор. Тэр бүү хэл итгэл үнэмшил, сүсэг бишрэлд ч тэр. Энэ улсын хамгийн алдартай Буддын сүм хийдүүд бараг бүхнийг эмчилдэг рашаан, хэтэрхий үнэтэй арц, хүжээр дүүрэн байдаг. Харин сүсэгтэн олон нь ихэнхдээ сэтгэл хангалуун эсвэл ядаж л тийм харагдахыг хичээдэг аж. Гэвч Хятадын Буддистуудын ариун шүтээн болсон сүм хийдүүд IPO гаргана гэдэгт олон нийт тийм ч таатай хандахгүй байгаа гэнэ. Хүмүүс гэгээрлийг олж, бусдад нирваан болоход тусалдаг байсан ариун бодисатва нарын сүм хийдүүдийн нэр одоо хөрөнгийн биржийн худалдааны бэлгэ тэмдэг болон хувирах гэж үү гэцгээж байгаа гэнэ. Шүүмжлэгчид үүнийг өлгөн авч, Хунань мужийн нэгэн сонинд “Будда ч бас мөнгөнд дуртай юу?” хэмээх гарчигтай нийтлэл бичжээ. Хонконгийн нэгэн сонины сэтгүүлч, олон нийтийн зүтгэлтэн “Буддын сүм хийдүүд бол ариун дагшин газар. Сүм хийдүүд хөрөнгийн биржид хувьцаа гаргана гэдэг бол шашин шүтлэгтэй харш зүйл. Сүсэг бишрэлийг мөнгөөр хэмжиж болохгүй” гэжээ.
Харин дээрх ариун дагшин гэгддэг газар үйл ажиллагаа явуулдаг сүм хийдийн удирдлагууд үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. Жилд хэдэн зуун мянган мөргөлчин, аялагчид очдог энэ сүм хийдийг олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Хятадын Буддын сүм хийдийн IPO гаргах төлөвлөгөө шинэ зүйл биш аж. Зэн Буддизмын үзэл санаа анх бий болсон, тулааны урлагийн сургууль Шаолины сүм л гэхэд 1999 оноос мөнгө олох маш ухаалаг менежмент явуулж, бусад сүм хийдэд Шаолины сүм нэрээр үйл ажиллагаа явуулах лиценз олгож, Шаолины тулааны урлагийн нууц нэртэй ном хүртэл гаргасан нь худалдаанд 1,500 ам.доллараар худалдаалагдаж байсан юм. Харин Хятадын шүүмжлэгчид үүнийг шашны сурталчилгаа, бүр авилга гэж буруутгаж байжээ.
Харин Хятадын Шашны асуудал хариуцсан нэгэн албан тушаалтан “Шашин, лам хувраг, сүм хийдүүд бүгд ашиг хонжоо олох гэсэн эцсийн зорилгоо итгэл үнэмшлээр нуун далдалж байдаг. Бусад орны жишгээс харахад шашны байгууллагууд хувьцаа гаргаж байсан тохиолдол байхгүй” гэжээ.
Гэсэн хэдий ч энэ төрлийн бизнес маш ашигтай гэдэг нь харагдсан бөгөөд IPO гаргасан Эмэй шань сүмийн хувьцаа л гэхэд өнгөрсөн оноос 17 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.