Тендэрээр мөнгө завшдагийг зогсооно гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Тендэрээр мөнгө завшдагийг зогсооно гэв

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлаг, газруудын удирдлагатай сар бүр зохион байгуулах “ХХХ” видео хурлынхаа анхныхыг дөнгөж сая хийлээ. “ХХХ” буюу “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” видео хурлыг сар бүрийн сүүлийн долоо хоногт тогтмол хийж байх юм. Энэ удаагийн хуралд Ерөнхий сайдтай хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцлоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг видео хурлын эхэнд баруун гурван аймагт ажилласан байдлаасаа танилцуулав. Газар дээрээ ажлын хэрэгжилт, зохион байгуулалт ямар байгааг тэрбээр сайд, дарга нарт танилцуулсан юм. Тендэрээр эрх авсан орон нутгийн замын ажлууд тийм ч сайн биш байгааг Ерөнхий сайд харжээ. Объектоо бариагүй байж мөнгөө авчихдаг, дараа нь үнэ өссөн гэх зэрэг элдэв шалтгаанаар нэмж хөрөнгө нэхдэг түгээмэл байдал баруун гурван аймгийг тойрсонгүй.

Баян-Өлгийд замын ажлын гүйцэтгэл 60 хувьтай атлаа мөнгийг нь 100 авсан газар тааралджээ. Ховдын Манхан сумаас Дарви хүртэл тавих авто зам 42 тэрбум төгрөгийн өртөгтэй. Ажлын гүйцэтгэл нь дөнгөж 30 хувьтай байхад төсөвт хөрөнгийн 50 хувийг авчихсан байжээ. Увс аймагт стадионы барилгын ажлыг 1,5 тэрбум төгрөгийн өртгөөр барьж эхэлсэн ч гүйцэтгэлийн явцад дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй болон хувирч нэмж мөнгө нэхэх болсон байна. “Стадионы барилгыг зураггүй эхэлсэн. Зураг гаргаад иртэл бараг таван тэрбум төгрөгийн ажил хийх хэрэгтэй болсон” гэсэн тайлбарыг гүйцэтгэгчид хэлдэг аж.

Ерөнхий сайд өмнөх Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамд үндсэндээ тендэр хөөх ажилтай болчихоод байсныг шүүмжиллээ. Эрүүл мэндийн яам гэхэд Барилгын яам болж хувираад байсан. Яаж өндөр өртгөөр өндөр барилга барих вэ гэсэн уралдаантай шахуу болоод байсан. Одоо эдгээрт цэг тавих ёстой гэж байлаа.

Төсөвт 200 гаруй тэрбум төгрөг тавиулсан 100 орчим объект ажлаа эхлээгүй байгаа юм байна. Зураг хийлгэх гэж өндөр үнэ тавиулдаг. Халтар зураг хийлгээд дараа нь төсөв хийхдээ мөнгөө нэмдэг. Таван тэрбум төгрөгийн ажлыг зургаан тэрбумаар төсөвлөх зэргээр төсвийн мөнгийг завшдаг байдал гардгийг Ерөнхий сайд хэлж, дахин ийм дутагдал гаргахгүй байхыг эрх мэдэлтнүүдэд санууллаа. Элдэв зүйл дээр дардаг тамга эсвэл их нэр хүнд авчирна, эсвэл гай болно шүү гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хатуухан хэлсэн юм.

Тендэр шалгаруулахдаа илүү үнэ хэлсэн компанийг хасч, хямд санал хэлснийг шалгаруулдаг. Гэтэл гүйцэтгэсэн хойно харахад хямд үнэ хэлж тендэр авсан газар үнээ нэмсээр илүү үнийн саналтай байсан компанитай ижилхэн өртгөөр объектоо барьсан байдаг аж. Объектоо барихгүй 2-3 жил дамнуулдаг. Энэ хооронд үнэ өртөг өсдөг. Өндөр үнээр объектоо ашиглалтад оруулдаг. Орон нутгийн засаг захиргаа хүний төлөө ажиллах бус тендэрийн төлөө уралддаг болсон зэргийг шүүмжилж мөнгөний төлөө уралдахаа больж, ажлаа хийдэг болохыг анхааруулав.
Дөргөн, Тайширын УЦС ашиглалтад орсон ч баруун аймгууд бахь байдгаараа ОХУ-аас өндөр үнэтэй цахилгаан авсаар байгаа зэрэг анхаарууштай ажлууд бийг мөн сануулав. Энэ үеэр сайд С.Эрдэнэ яам бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон тооны ажилтныг бий болгох хэрэгтэйг хэлж байлаа.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 41 хоногт 13 удаа хуралдаж, 29 тогтоол, Ерөнхий сайд 15 захирамж гаргажээ. Ерөнхий сайдын ажилд долоо хоног бүр мониторингийн баг ирж, хяналт тавьж байхаар болсон байна.

Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Засгийн газар ажлаа шуурхай явуулдаг болох ёстойг хэллээ. Засгийн газрын гаргасан шийдвэрийг цаасан дээр буулган  хэлбэржүүлэх гэж 3-4 хонодгийг 1-2 хоногт амжуулж сурах, гаргасан захирамжийг эзэнд нь хүргэх гэж дөрөв тав хонодгийг арай товчлох гэх зэргээр шуурхай ажиллагаа дутагдаж байгааг засч залруулах цаг болсныг холбогдох хүмүүст анхаарууллаа. Ажлын тайланг хавийн юмыг хамж шимэн 10 хуудсаар ирүүлэх бус ганц хуудсанд багтаан товч тодорхой тайлагнаж сурах гэх зэрэг бусад анхааруулгыг өгснөөр анхны хурал өндөрлөлөө. 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж