Төгрөгийн хадгаламж буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Төгрөгийн хадгаламж буурчээ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны наймдугаар сарын эцэст 312.3 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 6.6 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн боловч өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.9 хувиар буурчээ. Банкны системийн мөнгөн хадгаламжийн зах энэ оны найман сарын байдлаар нийт хадгаламж өмнөх сарынхаас 0.1 хувь буюу 2.2 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь буюу 870.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сарынхаас 0.5 хувь буюу 1.2 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч өнгөрсөн оны мөн үеэс 24.7 хувь буюу 74.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Гадаад валютын хадгаламж өмнөх сарынхаас 3.7 хувь буюу 47.5 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 54.2 хувь буюу 469.2 тэрбум төгрөгөөр өсч 1334.5 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хадгаламжийн 69.8 хувь нь төгрөг, 30.2 хувийг валютын хадгаламж эзэлж байна. Төгрөгийн хадгаламжийн нийт хадгаламжинд эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар буурсан байна.

Үндэсний статистикийн хорооны статистик мэдээнд тэмдэглэснээр мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын эцэст 6997.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 43.6 тэрбум төгрөг буюу 0.6 хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1093.9 тэрбум төгрөг буюу 18.5 хувиар өссөн байна. Гүйлгээнд буй бэлэн мөнгөний хэмжээ энэ оны наймдугаар сарын эцэст 814.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 13.5 тэрбум төгрөг буюу 1.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 109.1 тэрбум төгрөг буюу 15.5 хувиар өсчээ. Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл наймдугаар сарын эцэст 6675.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 246.6 тэрбум төгрөг буюу 3.8 хувь өссөн дүнтэй гарлаа. Энэхүү зээлийн өрийн үлдэгдэл нь өмнөх оны мөн үеийнхээс 1804.3 тэрбум төгрөг буюу 37 хувийн өсөлттэй байна. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 100.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 15.5 тэрбум төгрөг буюу 18.2 хувь өссөн байна.

Б.АЛТАЙ
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж