Жулиан Ассанжийг нэг л алхвал баривчилна

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийг нэг л алхвал баривчилна

“WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжи АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Арабын хувьсгалыг хувийн улс төрийн сонирхолдоо нийцүүлж, өөртөө ашигтайгаар эргүүлж байна хэмээн буруутгажээ. Жулиан Ассанжи өнгөрсөн лхагва гаригт Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас видео линкээр Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралтай холбогдсон аж. Австралийн тэмцэгч өөрт нь тулгасан хүчингийн хэргийн ялаас зугтаж, Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүссэн билээ. АНУ-ын Төрийн департамент болон Батлан хамгаалах яамны нууцын зэрэглэлт олон материалыг дэлгэж тавьсан Жулиан Ассанжи өөрт нь тулгасан хүчингийн хэргийг улс төрийн явуулга гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Их Британийн шүүх хэргийг Шведийн талд шилжүүлэн өгвөл шууд заналт америкчуудын гарт орно гэдэгтээ эргэлзэхгүй байгаа юм. Хэрэв Жулиан Ассанжийн хэргийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл түүнийг улсын нууц задруулсан хэргийнхээ  төлөө цаазаар авахуулах ял хүлээж байгаа билээ.

Эквадорын Элчин сайдын яамнаас удирдан явуулсан дээрх хурлын үеэр Жулиан Ассанжи “Нэг л өдөр Барак Обама АНУ-ын дэмжлэгтэй зэвсэгт хүчин Тунист өөрчлөлт авчирсан гэж ярина” хэмээжээ. Сайтаар олон нийтэд ил болгосон дарангуйлагч удирдагчдын талаарх нууц материалууд, тэр дундаа Тунисын Ерөнхийлөгч байсан Бен Алигийн хэргүүд Арабын хувьсгалыг өдөөсөн хэмээн Жулиан Ассанжи мэдэгдсэн байна.

Жулиан Ассанжи мөн Барак Обама болон түүний засаг захиргаа “WikiLeaks” сайтыг эрүүгийн хэрэгт татаж, ажилтнуудыг айлган сүрдүүлж, заналхийлсэн  хэмээн буруутгасан бөгөөд Арабын хувьсгалын үеийн өөрчлөлтүүдийг сонгуулийн кампанит ажлын үеэр өөрийн эрх ашигт нийцүүлэн рекламдаж байсан хэмээжээ.

Жулиан Ассанжи мөн “Хэрэв Мохамед Буазизи өөрийгөө шатаагаагүй байсан бол Барак Обама сонгуульд ялалт байгуулж чадахгүй байсан” гэжээ. Мохамед Буазизи нь Тунисын Ерөнхийлөгч Бен Алиг албан тушаалаас нь огцруулж, Арабын хувьсгалын галыг асаасан жимсний худалдаачин билээ.

Жулиан Ассанжиг хүчингийн хэрэгт буруутгаж буй Их Британи болон Шведийн талын аль нь ч түүнийг АНУ-ын талд шилжүүлэхгүй гэдэг баталгаа өгч чадаагүй юм.  Жулиан Ассанжийн улс төрийн орогнол хүссэн хүсэлтийн хариуд Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа орогнол олгохыг зөвшөөрсөн боловч түүнийг Лондон дахь Элчин сайдын яамны байрнаас гарч нэг л алхвал Английн цагдаа нар баривчлах тушаал авсан байна.

Жулиан Ассанжийн хүчингийн хэрэг Их Британийн  мэдлээс гарсан ч одоо Швед, Эквадорын хооронд дипломат хэрүүл үүсгээд байгаа аж. Жулиан Ассанжи Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд 100 хоносон өдөр энэ сарын 27-нд болоход Эквадор, Их Британийн Гадаад хэргийн сайдууд уулзжээ. Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино уулзалтын үеэр “Зөвшилцөлд хүрэх олон арга бий” хэмээн мэдэгдсэн бол Их Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Уильям Хааг  “ханыг нэвтлэх ямар арга байгааг харахгүй байна” хэмээжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж