Импорт буурсан үзүүлэлттэй гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Импорт буурсан үзүүлэлттэй гарчээ

Импортын бараа бүтээгдэхүүнд жин дарах суудлын автомашин өнгөрсөн оны мөн үеэс 73.7 хувиар буурсан бол цахилгаан барааны импорт мөн адил 14 хувиар буурчээ. Энэ нь нийт импортын өсөлт буурахад нөлөөлсөн аж. Суудлын автомашины жилийн өсөлт өнгөрсөн 2010 оны эхэнд 61 хувьтай байсан бол өнгөрсөн оны эхэнд 318 хувиар огцом өссөн аж. Тэгвэл энэ онд эргээд аажмаар бууран хоёр хувьд хүрээд байна. Энэ оны найман сарын байдлаар импортын 11 хувийн таван хувийг нефтийн бүтээгдэхүүний өсөлт, хоёр хувийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үлдсэн долоон хувийг үйлдвэрлэлийн орц, хүнс болон бусад бүтээгдэхүүний өсөлт бүрдүүлжээ.
Нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оныхоос өсөхөд 30 хувиар буюу 216 сая ам.доллараар, өргөн хэрэглээний бараа 21 хувиар буюу 97 сая ам.доллараар, бусад импорт долоон хувиар буюу 110 сая ам.доллараар тус тус өссөн нь энэхүү өсөлтөд голлон нөлөөлжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар нийт импортын 51 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн, 15 хувийг өргөн хэрэглээ, хүнсний бараа, үлдсэн 34 хувийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлсэн байна. Үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импортын хувь өнгөрсөн оны мөн үеэс бараг өөрчлөгдөөгүй хэдий ч дотроо нефтийн бүтээгдэхүүний хувийн жин өсч, үйлдвэрлэлийн орцын хувийн жин буурсан байна. Харин өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх хувийн жин өөрчлөлт багатай, тогтвортой хэвээр аж.

Б.Алтай
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж