
Нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оныхоос өсөхөд 30 хувиар буюу 216 сая ам.доллараар, өргөн хэрэглээний бараа 21 хувиар буюу 97 сая ам.доллараар, бусад импорт долоон хувиар буюу 110 сая ам.доллараар тус тус өссөн нь энэхүү өсөлтөд голлон нөлөөлжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар нийт импортын 51 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн, 15 хувийг өргөн хэрэглээ, хүнсний бараа, үлдсэн 34 хувийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлсэн байна. Үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импортын хувь өнгөрсөн оны мөн үеэс бараг өөрчлөгдөөгүй хэдий ч дотроо нефтийн бүтээгдэхүүний хувийн жин өсч, үйлдвэрлэлийн орцын хувийн жин буурсан байна. Харин өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх хувийн жин өөрчлөлт багатай, тогтвортой хэвээр аж.