Сургууль цэцэрлэг, албан газруудын ажил ид оволзож байгааг хэлэх үү, зам засвараас болж, нийслэлчүүдэд багагүй бэрхшээл тулгарах боллоо. Зам засварын ажлаа хавар эхэлчихгүй хэмээн иргэд бухимддаг ч яг үнэндээ жилийн жилд намар нэг юм додомдсон болоод цас унахаас өмнө амжихын нэрээр “нүглийн нүдийг гурлаар хуураад” өнгөрдөг нь нууц биш. Халуун зунаар биш, хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цагаар ажлаа эхэлдэг нь зам засварын компаниудын нэг баширхан арга бололтой юм. Бүгдээрээ ч биш байх л даа, зарим нэг нь тендерт ялсан ч мөнгө нь орж ирэхгүй, түүнээс болоод зам засварын ажил нь оройтдог гэдэг. Тэр нь үнэн л байх. Харин зарим нэг нь эртхэн зам тавих гэхээр бороо усанд амархан эвдэрчих гээд өвлийг далимдуулж, замаа тавиад хатаах биш, хөлдөөх арга хэрэглэдэг гэсэн. Зам тавьсан компаниуд жилийн баталгаа өгдөг болохоор аль болох намар оройхон замаа тавиад өвөл нь хөлдөөж, дараагийн зун нэг жилийн нас даасан гээд мөнгөө буцаагаад авчихдаг гэнэ лээ.
Бүр зарим нь ямар ч техник хэрэгсэлгүй байж, зам тавих ах дүү, танил талаараа далимдуулж, тендерт ялчихдаг юм байх. Тэгээд хөдөө зам тавьдаг компаниудыг бууж ирэнгүүт техник хэрэгсэлийг нь түрээсээр авч ажиллуулдаг гэсэн яриа байх юм.
Ямар ч байсан есдүгээр сарын 1 гэхэд дуусгана гээд амлаад байсан замууд өнөө хэр засвараас гарч амжаагүй л байна. Дээрээс нь нэмээд л өдөр болгон нэг зам хаах нь нийслэлчүүдэд бөөн стресс болоод байгааг юу гэхэв.
Тендерт ялчихаад хугацаандаа ажлаа хийж чадаагүй компаниудыг юунаас болсон, яасан бэ гэдгийг нь шалгах хэрэгтэй байна. Цагтаа ажлаа эхлээгүй, цагтаа ажлаа дуусгаагүй компаниудтай хариуцлага тооцохгүй бол жилийн жилд л баахан зам шинээр засварладаг тэр нь нэг жилийн насгүй дахиад л төсвөөс бөөн хөрөнгө, мөнгө зарлагадаж байж засварт орох шаардлагатай болчихдог байдлыг халах хэрэгтэй болжээ. Энэ жил нийт 114 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийгдэж байгаа юм байна. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төсөл боловсруулсан гэнэ. Үүнд шинээр 17.6 км, өргөтгөн шинэчлэх 31.1 км, гүүрийн барилга засвар 151 метр замуудыг засварлаж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.58 км замыг шинээр барьж, 2.6 км замыг өргөтгөн шинэчилж буй аж.
Засварт орсон замууд | Хэзээ дуусах вэ? |
100 айлын Сэлбийн гүүрний нэг тал | 9 сарын 07 хүртэл |
Сансрын тунелийн зүүн талын уулзвар | 9 сарын 01 хүртэл |
Бага тойруугийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл | Энэ сарын 27 хүртэл |
Баруун дөрвөн замаас Өгөөжийн уулзвар | 9 сарын 15 хүртэл |
МУИС-ийн нэгдүгээр байрны өмнөх уулзвараас Улаанбаатар банк хүртэл | тодорхойгүй |
өнөөгийн байдал /2012.09.28/
Зүүн дөрвөн зам Нарны гүүртэй холбогдох нь
Сэлбийн гүүрний шинэчлэл
Сансарын тунел
Ж.ЭРХЭС
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН