Террористууд Иракийн шоронг эзлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Террористууд Иракийн шоронг эзлэв

Террористууд есдүгээр сарын 28-нд шилжих шөнө Иракийн Тиклит хотын шоронг эзэлсэн тухай Agence France-Presse мэдээлэв.

Иракийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр энэ үеэр шоронгийн хоёр харгалзагч амь үрэгдсэн байна. Харин цагдаагийн мэдээгээр дөрвөн харгалзагч, мөн хоёр террорист алагджээ. Цагдаа нарын мэдээнд алан хядагчид шоронд хэрхэн нэвтэрсэн эсэх нь зөрж буй гэнэ. Амиа золиослогч шоронгийн хаалгыг дэлбэлсний дараа дайчид тийшээ нэвтэрчээ. Өөр нэг мэдээгээр хоригдлууд шоронгийн удирдлага болоод харгалзагч нарт халдсаны дараа шоронд довтолсон гэнэ.

Зарим гэрч нарын яриагаар дайчид шоронгийн нэгэн ханыг дэлбэлсэн ба түүгээр бараг зуу орчим хоригдол зугтан гарчээ. Алан хядагчид шоронгийн бүх орох, гарах хаалгыг эзэлсэн гэнэ. Мөн харуулын цамхагийг эзэлжээ. Одоо шоронг цагдаагийнхан бүсэлсэн бөгөөд Тиклит хотод хөл хорио зарлаад байна.

Өмнө нь наймдугаар сарын 1-нд мөн дээрхийн адил халдлага гарсан бөгөөд тухайн үед алан хядагчид Багдадаас хойд зүгт орших Тажи хотын шоронг эзэлсэн байжээ. Иракт террористуудын довтолгоон өнгөрсөн оны сүүлчээр Америкийн цэрэг тус орныг орхин гарсны дараа идэвхжээд байгаа. Нэн ялангуяа “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Иракийн исламын улс” гэх бүлгийнхэн өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын эсрэг “дайны шинэ кампанийг” эхлүүлж буйгаа зарласны дараа довтолгооны шинэ давлагаа эхэлжээ. Алан хядагчид шүүгч, прокуроруудад халдана мөн шоронд байгаа өөрсдийн талынхныг зугтахад нь тусална гэж амласан юм. Зөвхөн өнгөрсөн наймдугаар сард террористуудын довтолгооны улмаас 278 хүн амиа алджээ.    

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж