Tavernier XVI зууны үеийн айдсыг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Tavernier XVI зууны үеийн айдсыг мэдрүүлнэ

Өдгөө 69 настай Францын ахмад найруулагч Bertrand Tavernier Каннын кино наадамд "La Princesse de Montpensier" нэртэй киногоороо оролцож байна.
Уг киног 17 дугаар зууны үед бичигдсэн, зохиолч Madame de Lafayette-гийн романаас сэдэвлэн бүтээсэн ба энэхүү зохиолд улс төрийн шалтгааны улмаас хайргүй эртэй гэрлэхээс өөр аргагүй болж буй нэгэн язгууртан эмэгтэйн хайр дурлал, урван тэрслэлт, өс хонзогнолын тухай өгүүлэх аж.
Мөн тэрбээр 16 дугаар зууны үеийн харгис хатуу шашны дайн, аллага хүчирхийллийг эсэргүүцэн тэмцэгч бөгөөд тухайн цаг үеийн хүн ардын айдас, зовлон зүдгүүрийг бүрэн утгаар нь мэдрүүлэх аж.
Найруулагч Bertrand Tavernier киноны нээлтийн үеэрээ “Өмнө нь үүнтэй төстэй зохиолтой кино гарч байсан. Гэхдээ бидний бүтээсэн энэхүү кино гол дүрийн бүсгүйн нийгэм дэх хүчирхийлэл, шударга бус явдлын эсрэг тэмцлийг харуулаад зогсохгүй тухайн хүний дотоод сэтгэлийн зөрчилдөөнийг тусгахыг голлон анхаарсан.
Зураг авалтын хувьд ч гэсэн бид яг л 16 дугаар зууны үеийн цайз хэрэм, хүмүүсийн хувцас хэрэглэл ямар байсныг судлан, адилхан гаргахыг хичээсэн.
Тиймээс үзэгчдэд тэртээ 16 дугаар зууны үеийн ард иргэдийн мэдэрч байсан аймшигт айдас, зовлон зүдгүүр, хавчлага дарамтыг бодитоор мэдрүүлж чадна гэж найдаж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Дашрамд сонирхуулахад энэхүү киноны гол дүр болох залуу бүсгүйн дүрийг Францын жүжигчин Melanie Thierry бүтээжээ. Тэрбээр 2008 онд бүтээгдсэн “Babylon A.D.” нэртэй адалт явдалт киногоороо Холливудад гарч ирж байсан аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж