Монгол, Америкийн бизнес форум болов

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн бизнес форум болов

АНУ, Монголын зургаа дахь удаагийн бизнес форум энэ оны есдүгээр сарын 24-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа сэдвээр амжилттай болж өнгөрөв. Уг форумыг Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам (ЭЗХЯ), Уул уурхайн яам (УУЯ),  Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яам, АНУ-ын Худалдааны департамент, Дотоод хэргийн департамент тус тус хамтран зохион байгуулав. Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр, АНУ-ын Худалдааны департаментын Хятад, Монголын хэлтсийн дарга Николь Мелчер нар форумыг нээж үг хэлэв.

Форумд Монголын талаас ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар, УУЯ-ны  Бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Б.Батхүү, америкийн талаас Дотоод хэргийн департаментын Газрын менежментийн албаны дарга Рик Дир, АНУ-ын Уул уурхайн холбооны Ерөнхийлөгч Хэл Күйн нар хоёр орны уул уурхайн бодлого, хөгжил, энэ салбарт хамтран ажиллах боломж, хөрөнгө оруулалтын талаар харилцан илтгэл тавьж, санал солилцов.

Энэхүү арга хэмжээнд уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй монголын “Эрдэнэс”, “Шивээ овоо”, “Монгол алт”, “Energy Resources” зэрэг 40 орчим компанийн 100 гаруй, мөн америкийн болон АНУ-д төвтэй  “Peabody Energy”, “Rio Tinto”, “Caterpillar” зэрэг 70 гаруй компанийн 100 гаруй нийт 250 орчим бизнесийн төлөөлөгчид тус тус оролцжээ.

Төлөөлөгчид форумын үеэр олон улсын уул уурхайн “Minexpo 2012” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үзэсгэлэнг үзэж сонирхов. Уг арга хэмжээнд уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд үйлдвэрлэдэг 1800 гаруй компаниуд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бараа, бүтээгдэхүүнээ танилцуулсны зэрэгцээ уул уурхайн чиглэлээр зөвлөлгөө, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөн үзэсгэлэнгээ гаргасан байв. Энэхүү олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 жилд нэг удаа болдог  бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй орны 52 мянган төлөөлөгчид оролцсон юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж