Индонезид хөлөг онгоцнууд мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Индонезид хөлөг онгоцнууд мөргөлджээ

Индонезийн Суматра арлын ойролцоо олон зуун зорчигчтой усан онгоц химийн пропилен тээвэрлэж явсан онгоцтой сөргөлдсөний улмаас живж, осолджээ. Хэдийгээр ослын улмаас зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц 90 метрийн гүнд живсэн ч нөгөө онгоц нь ноцтой гэмтэл аваагүй байна. Ослоор найман хүн нас барж, 80 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэн, олон хүн ор сураггүй болжээ. Уг хөлөг онгоцны ахмад осол болсноос 20 минутын дараа аюулын дохио өгсөн бөгөөд түүний ойр хавьд явж байсан 10 худалдааны хөлөг онгоц ирж, хүмүүсийг аврах ажиллаагааг явуулж эхэлжээ. Мөн Индонезийн аврах албаныхан ослын газарт цагийн дотор ирж, нийт 210 гаруй хүнийг уснаас авран гаргажээ.

Хэдийгээр хөлөг онгоцны бүртгэл дээр 213 зорчигч, 78 машин бичигдсэн байгаа ч заримдаа хөлөг онгоцнууд тасалбараа онгоцон дээр зардаг учраас зарим зорчигч бүртгүүлээгүй байдаг гэнэ. Тиймээс аврах албаныхан нийт хичнээн хүн ор сураггүй болсныг нарийн тодорхойлж чадахгүй байгаа аж. Харин ор сураггүй болсон зорчигчдын ар гэрийнхэн аврах албаныханд тэдний талаар мэдээлэл өгснөөр тэднийг хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм байна. Индонезийн аврах албаныхны үзэж буйгаар зарим зорчигчид хөлөг онгоц мөргөлдөх үед онгоцон дээр байсан машинуудад сууж  байсан байж магадгүй гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж