Филиппиний дэд сайдыг хүлээн авч, уулзав

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Филиппиний дэд сайдыг хүлээн авч, уулзав

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яамны эдийн засгийн асуудал хариуцсан дэд сайд Лаура Дел Росариог өчигдөр ГХЯ-нд хүлээн авч, уулзав. Дэд сайд Д.Ганхуяг уулзалтын үеэр хоёр талын харилцааг идэвхжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглээд хоёр орны бизнесийн байгууллага, ажил хэрэгч хүмүүс хоорондын харилцааг өргөжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллахад Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн дэд сайд Лаура Дел Росарио, Филиппин Улс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт түлхүү хөгжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын төдийгүй олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.

Талууд ирэх онд болох Монгол, Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд хоёр орны дээд, өндөр түвшинд улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлэх, гадаад хэргийн яамдын түвшинд харилцан айлчлал хийх талаар санал солилцов.

Хоёр орны ГХЯ-ны дэд сайд нарын уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг уур амьсгалд болж, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал алхам болов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж