”The Innocence of Muslims” киноны продюсерийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

”The Innocence of Muslims” киноны продюсерийг баривчлав

Лос-Анжелесийн цагдаагийн албанаас өчигдөр /есдүгээр сарын 27-нд/ "The Innocence of Muslims" гэх дуулиант киноны продюссер Накула Бэссли Накула гэгчийг баривчилсан тухай “Reuters” мэдээлэв. Түүнийг хугацаанаас өмнө суллагдсаны нөхцөлийг зөрчсөн гэх шалтгаанаар ийн баривчилжээ. Тэрбээр 2011 онд банкны залилан хийсэн хэргээр 21 сар шоронд хоригдох ялаар шийтгүүлж байсан аж. 2012 оны зургадугаар сард түүнийг хугацаанаас нь өмнө сулласан байв. Түүнийг чөлөөлөх нөхцөл нь интернэтэд орж болохгүй, уран зохиолын нэрээ цагдаагийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй зэрэг байжээ.

Кино продюсер хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн нөхцөлөө зөрчиж, өөрийгөө Египетийн христийн копт Сэм Бэйсиль (Sam Bacile) хэмээн нэрлэж, өдийг хүргэсэн нь тогтоогджээ. Үүнээс өмнө Нукула Лос-Анжелес дэх гэр орноо орхин, нуугдсан байв. Хэд хоногийн дараа түүний хамаатнууд нь гэрээ орхин зугтжээ. Накула ба түүний гэр бүлийг цагдаа нар хамгаалалтдаа авсан байна.

"The Innocence of Muslims" кино сүлжээнд тавигдсан хэсэгт их зөнч Мохаммедын огт өөр түүхийг өгүүлэн лалын сүсэгтнүүдийг доромжилсон байжээ. Интернэтэд уг бичлэг тавигдсан нь Хойд Африк, Ойрхи Дорнод, Азийн лалын орнуудад эсэргүүцлийн давалгаа гаргасан юм. Ливийн Бенгази хотноо АНУ-ын консулын газар жагсагчид довтлох үеэр тус оронд суугаа АНУ-ын Элчин сайд ба дипломат гурван ажилтан амиа алдсан билээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж